АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп лхагва гарагт өөрийн Truth Social нийгмийн сүлжээний платформ дахь хуудсаараа дамжуулан Америк-Хятадын худалдааны гэрээ эцэслэгдэж “дууссан” болохыг мэдэгджээ. Тэрээр Лондон хотноо хоёр өдрийн турш хэлэлцээ хийсэн хоёр талын төлөөлөгчдийн уулзалтын маргааш нь ийнхүү мэдэгдсэн байна.
Трамп мэдэгдэлдээ өөрийгөө болон БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн зөвшөөрлөөр шийдэгдэх болно гэжээ. Мөн тэрээр “АНУ-д шаардлагатай газрын ховор элементүүдийг Хятадаас нэн түрүүнд нийлүүлж эхлэх бол АНУ хятад оюутнуудын визийг сэргээж, Америкийн коллеж, их дээд сургуулиудад сургах гэх зэрэг Хятадтай тохиролцсон үүргээ биелүүлэх болно” гэжээ.

Гэхдээ дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хоёр их гүрний хооронд байгуулахаар болоод буй энэхүү шинэ худалдааны гэрээний нарийн ширийн мэдээллүүд тун хязгаарлагдмал байгаа юм.
Ямартай ч өнгөрөгч сард Женевт явагдсан эхний шатны хэлэлцээнээс гарсан зөвшилцөлд тулгуурлаж, мөн Трамп, Ши нарын утсаар холбогдон хэлэлцсэний дараагаар ийнхүү талууд энэ долоо хоногийн даваа, мягмар гарагуудад хуралдсанаар худалдааны шинэ гэрээний тохиролцоонд хүрч чадлаа.
Д.Трампыг гэрээтэй дэлгэрэнгүй танилцаж байгаа талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт мэдэгдсэн байна.
АНУ-ын сангийн сайд Скотт Бессент мөн Хятад улстай байгуулахаар болоод буй энэхүү гэрээнээс гадна дэлхийн бусад улс орнуудтай хийх худалдааны яриа хэлэлцээнд цаг хугацаа шаардагдах тул Трампын засаг захиргааны тарифыг 90 хоногийн хугацаанд түр зогсоосон явдлыг сунгах болно гэжээ.