“Хасын хүлгүүд” Японы багийг хожвол Азийн лигийн аваргын төлөө шалгарна


“Хасын хүлгүүд” багийн мөрөөдлийн гэмээр аялал үргэлжилсээр байна. Тэдний дараагийн зогсоол Японы лигийн аварга “Utsunomiya Brex”. Хоёр багийн тоглолт өнөөдөр 21:00 цагаас эхэлнэ. Хожсон баг аваргын төлөө шалгарах бол хожигдсон баг хүрэл медалийн төлөө тоглоно.

Манай багтай тоглох Японы лигийн аварга “Utsunomiya Brex” багийн тухай

Анх 2004 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, Японы сагсанбөмбөгийн хамгийн доод шатнаас ноён оргилд нь ирээд байгаа баг бол “Utsunomiya Brex”. Энэ багаас бид NBA-н “Indiana Pacers” “багтай холбоотой байж болохуйц зүйлүүдийг харж болно. Багийн лого, өнгөний сонголтоос эхлээд олон талаараа маш төстэй. Зарим судлаач тэдний тоглолтын хэв маягийг нь ч дагаж, үлгэр жишээ авдаг гэж үздэг. Tochigi болон Indiana мужид сагсанбөмбөгөөс гадна өөр төстэй зүйлс олон байдаг.

“Utsunomiya Brex” баг JBL2 лигт тоглосон анхны улиралдаа шууд аварга болж, JBL лигийн эрхээ авснаас гадна JBL лигийн цомыг ердөө нэг улирлын дараа л өөрсдийн болгож байв. 2024-2025 оны улирлын Японы аваргууд “BCL Asia” тэмцээнд анх удаа оролцохдоо шөвгийн дөрвийн шатанд гарч ирээд байна. Хэсгийн шатанд “Shabab Al Ahli”, “Meralco Bolts” багтай нэг хэсэгт орж, нэг хожил, нэг хожигдолтой гуравдугаар байраар гарч ирсэн. Хэсгийн шатны нэг хожигдлоо шөвгийн наймд хүлгүүдэд өвдөг шороодсон “Meralco Bolts” багаас авсан юм. Хасагдах шатны эхний тоглолтоо хүлгүүдийн хэсгийг тэргүүлсэн Ираны аварга “Tabiat” багтай хийж, 2 нэмэлт цаг сунгасан ширүүн тоглолтын эцэст 94:93 харьцаатай хожиж, улмаар “Хасын хүлгүүд” багтай хэн нь аваргын төлөө шалгарах вэ гэдэг тоглолтын өмнө ирээд байна.

Эх сурвалж: Premier Sports Network


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *