Шинэ ЗГ төсөвт тодотгол хийж, зардлыг 3 их наядаар бууруулна


Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас УИХ-ын гишүүд асуулт асууж байна. Гишүүдийн асуулт, нэр дэвшигчийн хариултыг тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

-Стратегийн орд, Баялгийн сантай холбоотой асуудалд та ямар байр суурь баримталж ажиллах вэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:

-УИХ-ын даргаар ажиллаж байхдаа авлига авсан албан тушаалтныг бүх насаар нь хорих ялтай болгосон. Үндэслэлгүй хөрөнгөжих тал дээр Авлигчдын хөрөнгө хураах хуулийг ЗГ нэгэнт УИХ-д өргөн барьсан тул одоо УИХ-ын шийдэх асуудал болсон.

Хүний эрхийн тэмцэлд эцсийн цэг гэж үгүй гэж би боддог. Ардчилсан Үндсэн хуулиараа хүний эрхийг баталгаажуулсан, тодорхой заасан улс. Тийм учраас ардчилсан Үндсэн хуульдаа үнэнч байна. Төр, ард түмний итгэлцэл хүчтэй ардчилсан нийгмийг төлөвшүүлэхийн үндэс нь хүний эрхийг хамгаалах явдал гэж үзнэ. Шинээр томилогдох Хууль зүйн сайдад тодорхой үүрэг, чиглэл өгч ажиллана. УИХ, байнгын хороотойгоо, Хүний эрхийн дэд хороотойгоо уялдаж ажиллахыг чиглэл болгоно. Хүн биш хууль засагладаг, хүний эрхийг дээдэлдэг байх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа, нууц мөрдөн шалгах ажиллагаанд УИХ -ын гишүүдээс гарах санаачилгыг дэмжиж ажиллах болно.

Хүний эрхийн асуудал дээр шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлахаас эхлээд хүний үндсэн суурь эрхүүдтэй холботой олон асуудал байгаа. О.Алтангэрэл сайдаас гарах санаачилгыг дэмжиж, шинэ Хууль зүйн сайдаа хамтарч ажиллахыг хүсэж байна.

Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ баталсан. Үүнийг хэрэгжүүлэх нь эр зориг төдийгүй бидний хүсэл эрмэлзэл учраас үүнийг бодитой болгох нь Ерөнхий сайдад нэр дэвшиж буй үндсэн зорилгын маань нэг хэсэг юм. Миний мөрөөдөл юм.

УИХ-ын гишүүн Б.Бесейн:

-Эмч нарын цалинг энэ жил нэмэх үү. Зээлийн хүүг бууруулах уу. Шатахууны үнийг яах вэ. Асгатын мөнгөний ордыг хэзээ ашиглаж эхлэх вэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:

-Эрүүл мэндийн ажилтны цалинг энэ жил 2 дахин нэмж чадахгүй. Худлаа хэлж чадахгүй. Зээлийн хүүг бууруулах бололцоо гадаад улс төрийн нөхцөлөөс болоод олдохгүй байна. Дэлхий дахинд геополтикийн асуудлаас болоод шатахууны үнэ өсөж байна. Асгатын мөнгөний ордын тухайд тодорхой чиглэл гарахаар танд танилцуулъя.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:

-Төсөвт тодотгол хийх үү?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:

-Төсвийн зардлыг 3 их наядаар бууруулна. Төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай болсон. Төсвийн тодотгол бол хэмнэлтийн тодотгол болно. 3.2 их наядаас бууруулах шаардлагатай болсон.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *