ОУАЭХА-ийн удирдах зөвлөл Ираны цөмийн асуудлаарх тогтоолыг батлав


Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн (ОУАЭХА) удирдах зөвлөлийн хуралдааны үеэр Ираны цөмийн асуудлаарх тогтоолыг батласан байна.

АНУ, Их Британи, Франц, Герман улсуудын хамтран дэвшүүлсэн Ираны цөмийн асуудлаарх тогтоолыг Австрийн нийслэл Вена хотод явагдсан хаалттай хуралдааны үеэр батласан бөгөөд хуралдааны явцад ОУАЭХА-ийн гишүүн орнууд Иран улсын цөмийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд, тэдгээрийн олон улсын аюулгүй байдалд учруулж буй эрсдлийн талаар ширүүн мэтгэлцээн өрнүүлжээ.

Хуралдааны төгсгөлд Иран улсыг цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг зөрчсөн хэмээн буруутгасан ерөнхий утга агуулгатай тогтоолыг батласан бөгөөд энэ нь тус агентлаг Ираныг цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг зөрчсөн гэж сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа албан ёсоор буруутгаж байгаа явдал боллоо.

Энэхүү тогтоол нь Ираны цөмийн үйл ажиллагаанд дэлхий даяар түгшиж буйг, мөн Иран улсыг цөмийн дүрэм журмыг дагаж мөррдүүлэхийн тулд олон улсын зүгээс хүчтэй дарамт шахалт үзүүлж байгааг харуулаад байна.

ОУАЭХА-ийн удирдах зөвлөлийн санал хураалтад оролцох эрхтэй 33 гишүүнээс БНХАУ, ОХУ, Буркина Фасо гэсэн гурван улс уг тогтоолын эсрэг санал өгсөн бол Бразил, ӨАБНУ, Энэтхэг, Индонез, Египет зэрэг хөгжиж буй 11 орон түдгэлзсэн санал өгч, 19 улс дэмжсэн байна.

БНХАУ-ын зүгээс хориод жил үргэлжилж буй Ираны цөмийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэх нь цорын ганц зөв гарц болохыг түүх харуулсан бөгөөд эсрэгээрээ дарамт шаралт үзүүлэх, олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчих нь асуудлыг улам будлиантай болгож байгааг тодотгож, АНУ Ираны цөмийн хэлэлцээнээс гараагүй бол өнөөдөр асуудал хүндрэх ёсгүй байсан гэжээ.

ОУАЭА дээрх шийдвэрээрээ Иран улсад дипломат болон эдийн засгийн дарамт шахалтыг нэмэгдүүлэх магадлалтайг харуулснаас гадна энэхүү тогтоол нь Ираныг олон улсын цөмийн хууль тогтоомжийг дагаж мөрдөхөд түлхэц үзүүлэх зорилготой юм.

Түүнчлэн уг тогтоол нь цөмийн зэвсгийг хянах олон улсын хүчин чармайлтын маш чухал нэгэн мөчийг харуулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *