Хананаас нь хүйтэн ус гоождог Говь-Алтайнхан энэ жил халуун усны бараа харах нь


Засгийн газар 10 аймагт дулааны станц барьж байгаа. Үүний 1 нь Говь-Алтай. Тус аймгийн төвд 2022 оноос барьж байгаа дулааны станцыг энэ онд ашиглалтад оруулахаар зэхэж байна. Тус станцад үйлдвэрлэх халуун, хүйтэн усыг нийт 13 км урт хос шугамаар орон сууц, барилга, байгууламжуудад хүргэх юм. Үүнд улсын төсвөөс 24 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Уг мөнгөнөөс өнөө жил 6 тэрбумыг нь улсын төсвөөс гаргасан байна. Үүгээр “Одкон” компани нийт 3 км урт хос шугам тавьж эхэлжээ.

Говь-Алтай аймагт 25 гкал/цаг хүчин чадалтай, дулаан дамжуулах 4.4 км шугам сүлжээтэй, дулаан дамжуулах 6 төв барих юм. Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын “Экспорт-Импорт” банкнаас зээл авч, 10 аймагтаа дулааны станц бариулж байгаа. Эдгээр станцыг барих ажилд БНСУ-ын “Кореан дистрикт хитинг инженеринг” компанийн ”KDHEC-KDHC-GEI” түншлэл зөвлөж, БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани барьж, “Энерго тех сервис” компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. 

Уг станцад шинэ технологийн зуух суурилуулжээ. Энэ нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах ашигт үйлийн коэффициент (85-90%) өндөртэй аж. Тиймээс одоогийн зуухнаас 40% нүүрс хэрэглэж, 25% бага үнс ялгаруулна. Одоо ажиллаж байгаа дулааны станцуудын дундажтай харьцуулахад уг станцын утаанд агуулагдах хүхэр 80%, азот 75%, тоосонцор 99%, нүүрсхүчлийн хий 50 % бага байх ажээ.

Говь-Алтайн аймаг дулааны шинэ станцтай болсноор орон сууц, албан байгууллагууд хэрэглээний халуун усаар хангагдаж, ая тухтай нөхцөлд ажиллаж амьдрах болно. Одоо тус аймгийн төвийн орон сууц зөвхөн хүйтэн устай. Усанд орох усаа бойлуураар халаадаг эсвэл халууны усны газар очдог. Цаашлаад гэр хорооллын 2500 гаруй өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох, олон үйлдвэр, орон сууц барих нөхцөл бүрдэнэ.

, ,

One response to “Хананаас нь хүйтэн ус гоождог Говь-Алтайнхан энэ жил халуун усны бараа харах нь”

  1. Үнэн үү дулааны цахилгаан станцын ажил нь зогсоод жил болж байна гээд үүдний харуул нь хэлсэн ш дээ бодит байдлыг нь очиж харж үйл ажиллагаа явж байгаа эсэхийг нь харсан юм уу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *