МСБХ-ны 2024-2025 оны улирлын Үндэсний дээд лигийн улирал өндөрлөөд, хэсэг хугацаа өнгөрч буй. Гэсэн хэдий ч багууд шинэ улиралдаа эртнээс бэлдэж эхэлжээ. Тодруулбал: Тамирчдын шилжилт, солилцоо наймаа эрчимтэй үргэлжилж, багууд шинэ тамирчнаар бүрэлдэхүүнээ шинэчилж буй сураг мэдээ тасрахгүй байна. (Албан ёсны баталгаат мэдээ биш болно)
М.Өлзий-Орших сагсанбөмбөгийн хамгийн том гэрээг үзэглэх үү?
Энэ жилийн лигт плэй-оффын шатнаас мултарсан “SG Apes” баг багийн ахлагч М.Өлзий-Оршиход Монголын сагсанбөмбөгийн түүхэн дэх хамгийн том гэрээг өгөх сураг байна. Авч чадахгүй бол “Кинг” Ганааг авахаар зэхэж байгаа гэсэн албан бус мэдээлэл байна.

М.Өлзий-Оршихын хувьд 2023-2024 оны улирлын үнэ цэнтэй тоглогчийг шагналыг авсан туршлагатай, лидер тамирчин. Энэ жил аварга болох том зорилготой байсан “SG Apes” бүтэн бүрэлдэхүүнээ авч үлдэхийн тулд ямар сонголт хийх нь олны анхааралд байна. Тус багт Б.Тулуй, Санчир, Цэлмэг гээд өөр бусад залуу тамирчид бий. Тэдний хувь заяа хаашаа эргэх нь сонин байна. М.Өлзий-Орших багтаа үлдэж, хамгийн том гэрээг үзэглэж чадах болов уу?
“BCH Knight” багийн шинэчлэл
Плэй-оффын шатанд ДеМаркус Казинсаар хүч зузаатгасан “Сэлэнгэ бодонс” багтай таарч тоглосон “BCH Knight” баг тамирчдын солилцоо наймаанд идэвхтэй орж эхэлжээ. Тус баг Тайванийн лигт 2023 оноос хойш тоглож буй Э.Сугар-Очирыг багтаа нэгтгэж буй гэх мэдээ тарлаа.

Э.Сугар-Очир өнгөрсөн улиралд 24.3 минутад 13.8 оноо, 8.5 самбар, 1.4 оновчтой дамжуулалт дунджилжээ. Үүнээс гадна тус баг дасгалжуулагчийн бүрэлдэхүүндээ салхи оруулахаар болсон байна. Учир нь 6 дугаар сард багтан, ахлах дасгалжуулагчаа сонгохоор болсон бөгөөд Ч.Ижилболд дасгалжуулагч ирэх улиралд багийнхаа жолоог атгах төлөвтэй байгаа гэнэ.

Э.Маргад Үндэсний дээд лигт ирж тоглох уу?
Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Монгол Улсын шигшээ багийн өмсгөлийг өмсөж, 4 тоглолтод оролцсон, өдгөө 21 настай Э.Маргадыг сагсанбөмбөг сонирхогчид андахгүй болсон. Түүний хувьд дөрвөн тоглолтод 11.5 оноо, 5.5 самбар, 1.3 оновчтой дамжуулалт, 44 хувийн довтолгоо дунджилсан.

Ийн ур чадвараа харуулсан Э.Маргадад Үндэсний дээд лигийн 3 баг санал тавьсан байна. Ямар 3 баг санал тавьж, тэрээр ямар сонголт хийх нь одоогоор тодорхойгүй байгаа ч дотоодын лигтээ тоглохыг нь хармаар байгаа үзэгч олон байгаа нь лавтай. 1.96 метр өндөртэй түүний хувьд АНУ-д ахлах сургуулиасаа сагсанбөмбөг тоглож, улмаар коллежийн түвшинд тоглож буй. Одоо Виржина мужийн их сургуульд суралцдаг.
“Mon Pon Pirates” багийн их гурвал
МСБХ-ны Үндэсний дээд лигийн эмэгтэйчүүдийн багийн нэг “Мон Пон” /Пиратес/ энэ улирлын дэд аварга “Омни хүлгүүд” багаас Б.Цацрал, А.Үлэмж, М.Булбул гэх тоглогч авчээ. Ингэснээр “Их гурвал” хэмжээний тоглогчдыг багтаа нэгтгэн, аваргын төлөө өрсөлдөх хүчтэй багийн хэмжээнд очоод байна. Мөн өнгөрсөн улиралд “Омни хүлгүүд” багт тоглосон М.Анужинг багтаа буцаан авчээ. Ийн шилдэг тамирчдаар хүч сэлбэн, ирэх улиралд “Pirates” нэртэйгээр оролцох аж.

