ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дроны арми байгуулахаа мэдэгджээ


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин пүрэв гарагт зохиогдсон 2027-2036 он хүртэлх үндэсний зэвсэг, техник хэрэгслийн төлөвлөгөөг хянан хэлэлцэх хурлын үеэр Оросын зэвсэгт хүчинд нисгэгчгүй онгоц буюу дроны армийг тусад нь шинээр байгуулан хөгжүүлэх болно хэмээн мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ, дрон нь дайсны хуягт техник, бэхлэлт, холбооны систем, тээврийн хэрэгсэл, бие бүрэлдэхүүнийг устгаад зогсохгүй тагнуул, мина буулгах, цэвэрлэх ажиллагаа зэрэгт өргөнөөр ашиглагддагийг дурьдаж, бодит байлдаан, дайн тулаан дахь дроны үр ашиг хурдацтай сайжирч байгаа тул ОХУ цаашид дроны системийн армийг бүрдүүлэн, түргэн шуурхай, үр ашигтай байрлуулж, хөгжүүлэх болно хэмээн тодотгосон байна.

Мөн тэрээр ОХУ нь дроны нисэх хүчний боловсон хүчнийг сургах, дрон үйлдвэрлэх, дроны хангамжийн чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан тул дроны армийн бие даасан салбарыг хөгжүүлэхэд хангалттай гэв.

В.Путин мөн өдөр болсон 2027-2036 он хүртэлх үндэсний зэвсэг, техник хэрэгслийн төлөвлөгөөг хянан хэлэлцэх хурлын үеэр зэвсэгт хүчний систем, цэргийн техник хэрэгсэлд хамгийн сүүлийн үеийн дижитал технологи, хиймэл оюун ухааныг өргөнөөр ашиглахыг өөрийн орны батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарын удирдлагуудаас шаардсан байна.

Пүрэв гарагт явагдсан видео хуралд ОХУ-ын Тэргүүн шадар сайд Денис Мантуров, Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов, Батлан хамгаалахын шадар сайд Аексей Криворучко, Ерөнхийлөгчийн туслах Алексей Дюмин, Худалдаа аж үйлдвэрийн сайд Антон Алиханов, Сангийн сайд Антон Силуанов, Стратегийн пуужингийн коммандлагч Сергей Каракаев, Зэвсэгт хүчний коммандлагч Андрей Мордвичев, Агаарын зэвсэгт хүчний коммандлагч Виктор Афзалов, Тэнгисийн цэргийн коммандлагч Александр Моисеев нар оролцсон байна.

Пүрэв гарагт хэлэлцсэн 2027-2036 он хүртэлх ОХУ-ын үндэсний зэвсэг, техник хэрэгслийн шинэ хөтөлбөр нь 21-р зууны дөрөв дэх арван жилд Оросын зэвсгийг нэмэгдүүлэх гол хэрэгсэл, дагаж мөрдөх гол баримт бичиг болоход чиглэгдэж байгаа бөгөөд үүнд мөн тус улсын цөмийн зэвсгийн гурамсан (хуурай газар, далай тэнгис, агаар) хүчин чадалд онцгой анхаарал хандуулах ёстой гэдгийг В.Путин онцолжээ.

Тэрээр хэлэхдээ, “өнөөдрийн байдлаар Оросын стратегийн цөмийн зэвсэгт хүчинд орчин үеийн зэвсэг, техник хэрэгслийн эзлэх хувь 95% байгаа нь маш сайн үзүүлэлт ба энэ нь дэлхийн бусад цөмийн зэвсэгтэй их гүрнүүдийг давсан өндөр хувьтай үзүүлэлт юм” гэжээ. Мөн түүнчлэн “Оросын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа байсаар ирсэн, цаашид ч хэвээрээ байх, дэлхий дахинд хүчний тэнцвэрийг хадгалахад гол үүрэг гүйцэтгэдэг цөмийн хүчин чадалд онцгой анхаарал хандуулах нь гарцаагүй” хэмээн хэлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *