Г.Занданшатарын занаанд орсон хороо, зөвлөлүүд


Төрийг цомхон болгохыг үе үеийн ЗГ-аас ард түмэн нүдээ ширгэтэл хүлээж сууна. Шинэ Ерөнхий сайд ч төрийг цомхон болгохоо амлав. Яг л өмнөх Ерөнхий сайд нар шигээ. Гэвч Ерөнхий сайд болоогүй байхад төрийн албыг цомхон болгох амархан харагдаад, Ерөнхий сайд болсон хойно түүн шиг хэцүү юм байхгүй болдог шиг байгаа юм. Үе үеийн засгийн тэргүүнүүд төрийн өмчит компаниудын бүтцийг өөрчлөх, дарга, түшмэдийг нь цомхотгох ажлыг тойрч гүйгээд, цаанаа л нэг  халгаад байдаг. Шинэ Ерөнхий сайд маань ч халгангуй байна. Төрийн өмчийн компаниудаас илүүтэй хороо, зөвлөл, комиссууд түүний санаанд багтаж, занаанд орлоо.

Манай улсад одоо 59 хороо, зөвлөл, комисс байна. Эдгээрийг судалж, чиг үүрэг давхардсан болон шаардлагагүйг нь татан буулгахаар тэр санаандаа багтаажээ. Татан буулгаж байна гэчхээд зөрүүлээд хэдийг байгуулчихгүй бол зөв л санаа. Засгийн газар 2022.09.22-нд Мэргэжлийн боловсрол сургалтын үндэсний зөвлөл, Орчны бохирдлыг бууруулах үндэсний зөвлөл гэх мэт 22 хороо, зөвлөлийг татан буулгаж, 6 хороо, зөвлөлийг нэгтгэж, 13 хороо, зөвлөл, комиссыг сайдын мэдэлд үлдээсэн юм. Зөрүүлээд Төрийн бүтээмжийн үндэсний хороо, Хүний эрхийг хангах үндэсний хороо нэмж байгуулан, нийт 43 хороо, зөвлөл, комисстой үлджээ. Гэхдээ Засгийн газар татан буулгасан хороо, зөвлөлийнхөө тоог л олон нийтэд мэдээлээд, цаана нь хэдтэй үлдэж байгаагаа мэдээлээгүй юм.

Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсан тул Тогтвортой хөгжлийн үндэсний хороог, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдсан тул Цахим хөгжлийн үндэсний хороог, Усны газар байгуулагдсан тул Усны үндэсний хороог тэр жил татан буулгажээ. Гэвч ЗГ-ын бүрэлдэхүүнд Монгол Улсын 3 сайд ажиллах болсон гэдгээр шалтаглан, тэдэндээ зориулан, үндэсний 3 хороо байгуулсан юм. Тэд Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга гэдэг албан тушаалтай байв.  

2024.08.07-нд “Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” 21-р тогтоол гаргаж, зөвлөл, хороо, комиссыг 59 болгов. Хийсэн ажлыг нь мэдэх нь байтугай нэрийг нь сонсоогүй хороо, зөвлөл үүн дунд зөндөө. Гайгүй мэдмээр аяддаг нь Улсын онцгой комисс. Цар тахлын үеэр олон нийт энэ нэрийг цээжилсэн байх. Наадам дөхөхөөр Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо хуралддаг. Сүүлийн хэдэн жилд сэргээш хэрэглэсэн бөхчүүдээс болоод энэ нэрийг бөх сонирхогчид анзаарсан болов уу. За даа, бусдыг нь мэдэх нь байтугай нэрийг нь сонссон хүн цөөн дөө.

Төрийн бүтээмжийн үндэсний хороо гэж хүнд харуулахаар хийсэн ажилгүй нэг хороо бий. ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан энэ хороо 28 хүнтэй. Үүний 12 нь сайд. Бүтэц, бүрэлдэхүүнийг нь харвал төрийн бүтээмж төгсөрчихсөн байхаар.

Оюуны өмчийн газар гэж хэрэгжүүлэгч агентлаг байсаар байтал Оюуны өмчийн үндэсний зөвлөл гээчийг Ерөнхий сайд дэргэдээ 8 сайдтайгаар бий болгожээ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй давхардуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл гэж байгуулсан байх юм. Залуучуудын асуудлыг Соёл, спорт, залуучуудын хөгжлийн яамандаа хариуцуулсан атлаа Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл бий болгож, Ерөнхий сайд даргалжээ. Яам, агентлагийн чиг үүрэгтэй давхардуулан байгуулсан хороо энэ мэтчилэн зөндөө. Хоёрхон үгээр нэрлэж болох байтал 6 үгээр сунжруулан нэрлэсэн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамныхаа чиг үүргийг Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хороотойгоо давхардуулчихсан байх жишээтэй. Энэ хороо нэр шигээ нүсэр, 26 хүний бүрэлдэхүүнтэй.

Эрчим хүчний реформоо Эрчим хүчний яам нь хийж болох байтал Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хороо гээчийг бий болгожээ. “ДЦС 3”-т осол гармагц эрчим хүчний салбарынхан олон толгой дундаа төөрснөө зарлаж, Б.Чойжилсүрэн, Г.Амартүвшин нар асуудлыг бие бие рүүгээ бухав. Энэ салбарт засаглалын хямрал нүүрлэсэн нь, даргаар дүүрсэн нь, ажилчид нь алинд нь удирдуулахаа мэдэхээ байжээ.

Үндэсний хороо, зөвлөл, комисс юу хийдэг, ямар зориулалттай нь Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хорооноос 2025 онд сэтгүүлчдээр эрчим хүчний реформыг дэмжүүлэхэд 8 тэрбум төгрөг зарцуулах төсвөөс тодорхой болсон. Замбараагаа алдаж байгаа нь тодорхой. Гэтэл ийм 59 хороо байна гээд бод доо. Тэр бүгдээр дамжуулан, төсвийн хэдэн төгрөгийг хэдүүлээ хувааж хүртэх юм бүү мэд. Сонгуулийн өмнө “Шинэ хоршоо” хөдөлгөөн гээчийг сүртэй өрнүүлж, Засгийн газар баахан мөнгө зарцуулан, бийлэгжүү загнасан. Тэр ажлыг Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо гэх урт нэртэй байгууллага үргэлжлүүлж буй. Бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал эрхэлсэн Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч С.Амарсайханы ахалдаг энэ хороонд төсөвлөсөн мөнгийг мэдмээр л байна.  

Засгийн газрын үндэсний хороо, зөвлөл, комисс

  1. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл
  2. Хүний эрхийн үндэсний комисс

Ерөнхий сайд удирддаг

  1. Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо
  2. Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл
  3. Жендэрийн үндэсний хороо
  4. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл
  5. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл
  6. Кибер аюулгүй байдлын зөвлөл
  7. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл
  8. Оюуны өмчийн үндэсний зөвлөл
  9. Усны үндэсний зөвлөл
  10. Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл
  11. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл
  12. Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хороо

Шадар сайд удирддаг

  1. Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хороо
  2. Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо
  3. Улсын онцгой комисс
  4. Уур амьсгалын үндэсний хороо
  5. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо
  6. Хэмжил зүйн зөвлөл
  7. “Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо

ЗГХЭГ-ын дарга удирддаг

  1. Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөл
  2. Сансрын бодлогын үндэсний зөвлөл
  3. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний хороо
  4. Төрийн бүтээмжийн үндэсний хороо
  5. “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо

Сайд удирддаг

  1. Хяналт, үнэлгээний үндэсний хороо
  2. 20 минутын хот үндэсний хороо
  3. Боомтын сэргэлтийн үндэсний хороо
  4. Боловсролын үндэсний зөвлөл
  5. Гаалийн тарифын зөвлөл
  6. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл
  7. Допингийн эсрэг үндэсний зөвлөл (платформ)
  8. Дэлхийн өвийн үндэсний хороо
  9. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хороо
  10. Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороо
  11. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл
  12. Олимп, паралимпийн наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо
  13. Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл
  14. Үндэсний тээврийн хороо
  15. Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын үндэсний зөвлөл
  16. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл
  17. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөл
  18. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үндэсний хороо
  19. Цөмийн энергийн комисс
  20. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл
  21. Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөл
  22. Аж үйлдвэржилтийн үндэсний хороо
  23. Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо
  24. Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо
  25. Газрын шинэтгэлийн үндэсний хороо
  26. Алсын хараа 2050” салбар дундын уялдааг хангах үндэсний хороо
  27. Хүний эрхийг хангах үндэсний хороо
  28. Харилцаа холбооны зохицуулах хороо
  29. Эрчим хүчний зохицуулах хороо
  30. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл
  31. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо
  32. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комис
  33. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *