Израил, Иран улсууд харилцан цохилт үзүүлсээр байна


Өнгөрсөн баасан гарагт Израилын зүгээс Иран улсад дрон, пуужингаар агаарын цохилт үзүүүлсний хариуд мөн өдөр Иран улс Израилын эсрэг пуужин харваснаар эхэлсэн тэдний харилцан цохилтууд амралтын өдрүүд болон даваа гарагт үргэлжилсэн хэвээрээ байна.

Израилын зэвсэгт хүчний зүгээс ням гарагт хийсэн мэдэгдэлдээ Иран улсын цөмийн хөтөлбөрийн гол байршлуудыг оролцуулан нийт 80 гаруй тодорхой байршилд оновчтой цохилт өгөөд буйгаа онцоллоо. Мөн Иран улсын төвийн нутагт байрлах Ишфахан дахь цөмийн байгууламжид цохилт өгсөн болохыг мэдээлж, цаашид ч цөмийн хөгжүүлэлттэй холбоо бүхий Ираны олон байршилд үргэлжлүүлэн цохилт өгөх болно гэжээ.

Харин Иран улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэнээр өнгөрсөн баасан гарагт эхэлсэн Израилын агаарын цохилтын улмаас ням гарагийн байдлаар 224 хүн амь үрэгдэж, 1200 гаруй хүн шархдаж, бэртэж гэмтсэн талаар мэдээллээ.

Бусад ажиглагч байгууллагуудын зүгээс Иранд баасан гарагаас хойш нийт 406 хүн амь үрэгдсэн болохыг мэдээлсэн бол Ираны засгийн газраас хохирлын тодорхой тоо хэмжээг одоохондоо мэдээлээгүй байна.

Иран улс Израилын эсрэг хариу цохилт үзүүлсээр байгаа бөгөөд ням гарагт Израилын засгийн газраас мэдээлснээр мөн өдөр тус улсын эсрэг Ираны зүгээс 270 гаруй пуужин харваснаас 22 нь байндаа тусч, 14 хүн амь үрэгдэж, 390 хүн шархдаж, гэмтсэн гэжээ.

Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху Ираны цохилтод өртсөн байршилд газар дээр нь очиж танилцах үеэрээ “Иран улс төлөөсөө төлөх болно” гээд цохилтууд цаашид үргэлжилнэ гэдгийг хэлсэн байна.

Харин Иран улсыг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг хүссэн АНУ-ын шаардлагыг хүлээн авсан тохиолдолд Израил улс энэхүү үйл ажиллагаагаа зогсооход бэлэн гэдгийг Б.Нетаньяху ням гарагт мэдэгдсэн байна. Тэрээр “Ираны цөмийн зэвсэг судлан бүтээж байгаа талаарх тагнуулын мэдээллийг АНУ-тай хуваалцаж байна, Иран улсын уран баяжуулж, зэвсэг болгох нууц хөтөлбөр маш хурдацтай хөгжиж байна, тэд хэдхэн сарын дотор, жил хүрэхгүй хугацаанд туршилтын төхөөрөмж, тэр ч байтугай анхны төхөөрөмжийг бүтээх болно, энэ бол бидний АНУ-тай хуваалцсан тагнуулын мэдээлэл” гэжээ. Мөн Иран улсыг Йемений Хути зэсвэгт бүлэглэлд цөмийн зэвсэг нийлүүлэх төлөвлөгөө боловсруулж байна хэмээн буруутгажээ.

Энэ үеэр Израил-Ираны асуудалтай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын хийсэн мэдэгдлүүд олон улсын анхаарлыг татаад байна. Тэрээр ням гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ Иран, Израил улсууд яг Энэтхэг, Пакистан улсуудын ижлээр гэрээ байгуулах ёстой гэжээ. Мөн Ираны дээд удирдагч Аяатолла Али Хаменейг хороох Израил улсын төлөвлөгөөг Д.Трамп эсэргүүцэж байгаа талаар Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн юм. АНУ-ын засгийн газрын эх сурвалжуудын мэдээлснээр Израилын талаас Д.Трампад Ираны дээд удирдагчийг устгах төлөвлөгөө боловсруулснаа танилцуулж мэдээлсэн бөгөөд Трампын засаг захиргаа Израилыг ийм алхам хийхийг эсэргүүцсэн болохоо маш тодорхой илэрхийлж, мэдэгдсэн гэжээ. Трамп үүсээд буй нөхцөл байдалд Израилын талыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн сацуу Ираны эсрэг эхлүүлсэн Израилын цохилтод АНУ ямар нэгэн байдлаар холбоо хамааралгүй болохыг цохон тэмдэглэсэн байна.

Д.Трамп мөн Канад улсад зохиогдох “Их Долоо”-гийн чуулга уулзалтыг зорихоосоо өмнө ням гарагт хийсэн мэдэгдэлдээ “Израил, Иран хоёрт тохиролцоонд хүрэх ихээхэн боломж бий гэдэгт итгэж байгаа, хэлэлцээ хийх цаг нь болсон гэж бодож байна, бид нөхцөл байдлыг харах болно,  гэхдээ заримдаа зайлшгүй дайтах шаардлагатай болдог” гэжээ.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *