MI6 хэмээх кодлосон нэрээрээ алдартай Их Британи улсын гадаад тагнуулын агентлаг болох Нууц тагнуулын албаны даргаар өдгөө 47 настай Блез Метревели томилогдсон байна.
Ийнхүү тэрээр Их Британи улсын гадаад тагнуулын албаны түүхэн дэх анхны эмэгтэй даргаар тодорлоо.
Тус байгууллагыг сүүлийн 5 жилийн турш тэргүүлэн ажилласан Ричард Мурын бүрэн эрхийн хугацаа ирэх намар дуусч байгаатай холбогдуулан MI6-ийн шинэ даргаар тус байгууллагын технологийн хэлтсийн дарга Блез Метревелиг томилсон талаар ням гарагт Их Британийн засгийн газраас мэдэгджээ.
Блез Метревелигийн хувьд Кембрижийн их сургуульд антропологи судлалаар суралцаж төгссөнийхөө дараа Их Британийн тагнуулын албанд 1999 онд анх элсэн орж, ажиллаж эхэлсэн бөгөөд түүнийг Ойрхи Дорнод болон Европын бүс нутаг дахь томоохон үйл ажиллагаануудад голчлох үүрэгтэй оролцож байсныг засгийн газраас гаргасан мэдэгдэлд дурьдсан байна.
Блез Метревели “Албыг тэргүүлэх болсондоо бахархаж байна, миний хувьд нэр төрийн хэрэг” хэмээн хэлсэн байна. Канад улсад нээгдээд буй “Их Долоо”-гийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож байгаа Их Британийн ерөнхий сайд Кир Стармер “Блез манай улсыг хамгаалахад шаардлагатай шилдэг удирдлагыг үргэлжлүүлж чадна гэдгийг би мэднэ” хэмээн хэлжээ.
Их Британийн гадаад тагнуулын албаны шинэ даргын хувьд ОХУ, БНХАУ болон Иран улсууд хамгийн том сорилт болох болно.