”Хааны эрэлд” цагдаа оролцож байна


“Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулилалт эхэллээ. Улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагаа, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, дадлага туршлага солилцох зорилготой “Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулилалт эхэлж, нээлтийн үйл ажиллагаа 2025.06.14-нд “Тавантолгой” дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын Дэд дарга Б.Пүрэвдорж, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дарга нар, төрлийн цэргийн командлагч, удирдах газрын дарга нар, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, цэргийн атташе нар тэргүүтэй хүндэт зочид болон энх тайвны төлөө тив дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 24 орны алба хаагч, цэрэг дайчид оролцсон юм.

Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын хамтарсан сургууль хэлбэрээр анх 2003 онд зохион байгуулагдсанаас хойш өдгөө олон улсын статустай болон өргөжиж, дэлхийн 70 гаруй орны 20 мянга орчим цэргийн алба хаагчийг хамруулаад байгаа уг сургуулилалт оролцогч улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагаа, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг ач холбогдолтой.

Уг сургуулилтад цагдаагийн байгууллага энэ жил анх удаагаа оролцож байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *