Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн -63 кгд хүч үзсэн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Б. Ганхайч хүрэл медаль хүртлээ.
Тэрээр медалийн төлөөх барилдаанд Олимп, дэлхийн аварга Бразилийн Рафаэла Силваг вазари үнэлгээгээр ялж 18 жилийн хөдөлмөрөө үнэлүүллээ.
Ингэснээр түүний хувьд Монголын жүдо бөхийн ДАШТ-ий 33 дахь медаль, 20 дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа.
Тэрбээр энэ оны олон улсын тэмцээний хоёр дахь медалиа хүртэж буй бөгөөд өнгөрсөн сард “Душанбе-2025” Их дуулгаас алтан медаль хүртсэн юм.
Одоогийн байдлаар Монгол Улсын баг хоёр хүрэл медальтайгаар 93 орноос 11 дүгээр байрт жагсаж байна. Жүдо бөхийн Монголын тамирчдын ДАШТ-ий анхны хүрэл медалийг 1989 онд Д.Баттулга, анхны мөнгөн медалийг 1989 онд О.Балжинням, анхны алтан медалийг 2009 онд Х.Цагаанбаатар нар хүртэж байсан түүхтэй.