Г.Занданшатар: Төрийн албанд аттестатчилал явуулна


Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцууллаа. Үүний дараа УИХ-ын гишүүд ЗГ-ын сайдад нэр дэвшигч нар болон Ерөнхий сайдаас асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өнгөрсөн оны төсөв батлахдаа “Нийт 83 сая тонн нүүрс гаргана. Ингэхдээ тонныг нь 105 ам.доллароор экспортолно. Үүнээс 19 тэрбум ам.долларын орлого олно. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 93 их наяд төгрөг хүргэнэ. Эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэнэ” гэж амласан. Гэвч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2023 онд 8 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 2024 онд 7.9 хувь болж буурсан. Газрын тосны үнэ нэмэгдэнэ. Ингэснээр оны эцсээр шатахууны хангалт хүндэрнэ. Тиймээс хоёр хөрштэйгөө эвтэй байгаарай. Цаашид гадаад худалдаа талдаа сайн ажиллаарай. Дээрээс нь гурван оффтейкийн гэрээг ил болгоорой. 4 компани манай нүүрсийг худалдан авч байгаа. 3 нь офтэйк гэрээтэй.

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төлбөрийн тэнцэл 491 сая долларын алдагдалтай байгаа. Нүүрсний үнэ 71.9 ам. доллар байгаа бол 41 ам.доллароор буурсан нь төсвийн тодотголд голлон нөлөөлж байна. 5-р сард нүүрсний үнэ бараг 2 дахин уналаа. Алт энэ жил 4 тонн алт олборлосон. Ноднин жилийн мөн үед 7 тэрбум байсан.

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, нэр дэвшигч Б.Жавхлан: Офтэйк гэрээний талаар нэмж хийсэн гэрээ байхгүй. Өмнөх онд хийсэн, хүчин төгөлдөр үргэлжилж байгаа цөөн гэрээ бий.

УИХ-ын О.Цогтгэрэл: Бодлого, тогтолцооны өөрчлөлт хийхгүйгээр шууд хэдэн хүнээ солиод орж ирж байгаа юм бэ?

Ерөнхий сайд Г.Занданшатар: Дөнгөж сая хамтарсан ЗГ маш сайн ажилласан гэж бид ярьсан. Өнөөдөр бүх юм болохгүй болчихсон бол хамтарсан ЗГ-ын ажлын үр дүн гэж үзнэ. Эдийн засгийн нөхцөл байдал гадаад хүчин зүйлээс шалтгаалж байна. Манай 15 төгрөгний 9 төгрөг нь нүүрснээс орж ирдэг. ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх боломж алга. Хайчинд байна. Цаг хугацааны хувьд ч хайчинд байна. ЗГ-аа хурдан байгуулаад, ажлаа хурдан урагшлуулах нь чухал байна.

ЗГ-ын мөрийн хөтөлбөр бол хамтын мөрийн хөтөлбөр. Сонгогчдынхоо саналыг гээхгүй гэж хийсэн хөтөлбөр. 1 ЗГ гарч ирээд, өмнөх ЗГ-ынхаа мөрийн хөтөлбөрийг өөрчлөөд явах цаг хугацаа ч алга, боломж ч алга. Улс төрийн хайчинд байна. Гадаад нөхцөл байдал хүйтэн байна. Дотроо бид дулаан байх шаардлагатай болж байна.

Бид томоохон төсвийн хэмнэлт хийж, төрийн албыг цомхон чадварлаг болгоно. 14 мега төслөө эрэмбэлнэ. Сайд нараа томилж байж бид ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүнээ өөрчлөх юм байна лээ. 59 үндэсний хороог татан буулгаж, төрийн албаны 14.4 мянган давхардлыг арилгана.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүний хууль хүчин төгөлдөр байгаа. Үндсэн хууль зөрчсөн болчихгүй байгаа даа. Үүнийгээ шалгасан байлгүй.

Ерөнхий сайд Г.Занданшатар: Бүтэц, бүрэлдэхүүний хувьд хууль зөрчихгүй юм байна лээ. Төсвийн тодотголоор 4 үндэсний хороо, 59 хороо, зөвлөлийг татан буулгаж, Эрчим хүчний үндэсний төв гэсэн 3 төвийг нэгтгэнэ. Төрийн албаны аттестатчилал явуулна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *