Ираны төв телевиз Израилын цохилтод өртөв


Даваа гарагт Ираны нийслэл Тегеран хотноо байрладаг тус улсын төрийн төв телевиз Израилын агаарын цохилтод өртсөн байна. Уг үйл явдал мэдээллийн хөтөлбөрийн шууд дамжуулалтын үеэр болсон бөгөөд цохилтод өртөж буй шууд дамжуулалтын дүрс бичлэг цахим орчинд тархжээ.

Дүрс бичлэг дээр Ираны төв телевизийн эмэгтэй нэвтрүүлэгч цохилтын дараагаар суудлаасаа босч, гүйж байгаа нь бичигдсэн байна.

Израилын зүгээс Ираны нийслэл хотын төвд цохилт өгөх тул тухайн бүс дэх олон зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалсны дараа дээрх цохилтыг үзүүлжээ. Израилын зэвсэгт хүчний зүгээс “цэрэг, дайны зориулалтаар ашиглаж байсан харилцаа холбооны төвийг онилж цохилт үзүүлсэн” хэмээн мэдэгдсэн байна.

Даваа гарагт мөн Израилын зэвсэгт хүчний зүгээс тусдаа хийсэн мэдэгдэлд Ираны тагнуулын албаны дөрвөн удирдах албан тушаалтанг хороож, тус улсын нийт зэвсгийн 30 гаруй хувьтай тэнцэх 120 гаруй пуужин харвагч хөдөлгөөнт машин техникийг устгаснаа мэдэгджээ.

Израилын засгийн газраас мөн Ираны эсрэг 370 гаруй пуужин харваснаас 30 нь байндаа туссан болохыг мэдээлэхийн сацуу Ираны үзүүлсэн хариу цохилтын улмаас Израилд 24 хүн амь үрэгдэж, 600 орчим хүн бэртэж гэмтсэн гэв.

Харин Иран улсын Эрүүл мэндийн яамны зүгээс өнгөрсөн баасан гарагаас хойш үргэлжилж байгаа Израилын агаарын цохилтын улмаас тус улсад 200 гаруй хүн амиа алдаж, 1800 гаруй хүн бэртэж гэмтсэн ба хохирогчдын дийлэнх нь энгийн иргэд байсныг тодотгосон байна. Ираны зүгээс мөн Израилд хариу цохилт үзүүлсээр байгаа бөгөөд Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр тус улсын зэвсэгт хүчин Израилын Тел Авив хотод амьдардаг оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг уриалж, анхааруулсан байна. Мөн Ираны хэвлэлүүд “Иран улс бүрэн хэмжээний дайнд бэлэн байна” хэмээн батлан хамгаалах салбарын ахлах албан тушаалтны хэлсэн үгийг эш татан мэдээллээд байна.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп хоёр талыг хэлэлцээний ширээний ард суухыг уриалж, “тэд заавал тохиролцоонд хүрэх ёстой, мэдээж хоёр талд хүнд хэцүү байгаа, гэхдээ минийхээр бол энэ дайнд Иран ялахгүй, тиймээс тэд хэтэрхий оройтохоос мөн яриа хэлэлцээ явуулах нь зүйтэй” гэжээ.

“Их Долоо”-гин бүлгийн удирдагч нар даваа гарагт Канад улсад чуулж, ээлжит дээд хэмжээний чуулга уулзалт хуралдаанаа эхлүүлээд байгаа ч Д.Трамп мөн өдөр яаралтай хэргээр чуулганыг орхин явж буйгаа мэдэгдсэн байна. 

Чуулга уулзалтад оролцогч Францын ерөнхийлөгч Э.Макрон хэлэхдээ “АНУ-ын ерөнхийлөгч Израил, Ираны хооронд гал зогсоож, яриа хэлэлцээг эхлүүлэх саналыг тавьсан, одоо бид уг саналыг хэн нь дэмжихийг харах үлдлээ” гэжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр “Их Долоо”-гийн бүлгийн орнууд хэд хэдэн баримт бичгийн төслийг боловсруулсны дотор Израил-Ираны хурцадмал байдлыг намжаахыг уриалсан чуулганы баримт бичиг багтсан боловч АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп гарын үсгээ зураагүй гэнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *