Хамтарсан Засгийн газарт ажиллахдаа АН гэрээнийхээ ямар заалтыг зөрчсөнийг АН-ын дарга Л.Гантөмөрөөс тодрууллаа.
-МАН-ын генсек Я.Содбаатар “АН хамтарсан ЗГ-ын гэрээгээ удаа дараа зөрчсөн гэдэг бичгийг 2-р сард АН-д явуулсан” гэж хэллээ. Танай нам гэрээнийхээ ямар заалтыг зөрчсөн юм бэ?
-МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна л даа. Манай Ч.Лодойсамбуу гишүүн нэг шүүмжилсэн шүү дээ. Тэрийг гэрээ зөрчиж байна гэж дүгнэж байгаа юм. Ер нь бол МАН үг сонсохгүй их удсан байна. 8 жил Монгол Улсыг унтуулсан. Тэгээд бүх хэвлэл мэдээллийг худалдаж авдаг. Хэн нэгэн хүн шүүмжлэхээр тэрэнд их адгадаг. Ийм тэвчээргүй, адгуу хүмүүстэй хамтарна гэдэг их төвөгтэй.
-Гэрээн дээр “Шүүмжилж болохгүй” гэсэн заалт байсан юм уу?
-Шүүмжлэлгүйгээр Монголын төр явахгүй ш дээ. Төрийн чих онгорхой байх хэрэгтэй. Төр, засаг гэдэг чинь ард түмнийхээ дуу хоолойг сонсдог байх ёстой. Ард түмний дуу хоолой гэдэг чинь УИХ-ын гишүүд биз дээ. Их хурлын гишүүд үгээ чөлөөтэй хэлдэг байх хэрэгтэй. Бидний тавьсан гол шаардлага тэр шүү дээ. Сэтгүүлчид аливаа зүйл нийтэлснийхээ төлөө ял шийтгүүлдэггүй байх гэдэг зарчмыг Монгол Улсын ардчилал өөрөө нутагшуулах хэрэгтэй.
-Хамтралын үед АН үгээ хэлж чадахгүй, тэвиж, хүлцэнгүй байсан гэсэн үг үү?
-Үгүй. Нам дээр яригдаж байгаа яриа ЗГ-ын хурал дээр яригдахгүй ш дээ. Намын бүлэг дээр яригдсан яриаг бидний сонссоноор бол 3 зүйл хэлээд байгаа юм.
1-рт, АН-ынхан ажил төрөлтэй болоод, бэхжээд байна. АН-ыг бэхжүүлэхгүй байх нь МАН-д хэрэгтэй байна гэдэг зүйлийг ярьсан гэж олйгож байгаа.
2-рт, АН-аас УИХ-д сонгогдсон гишүүд элдвээр шүүмжлээд байна. Хамтарч багйаа тохиолдолд шүүмжлэл гэдэг зүйл байж болохгүй гэдэг зүйл ярьсан гэж ойлгож байгаа.
3-рт, Хуульзүйн яам, хяналтын функц АН-д байна. Дарханы засаг дарга хэн билээ?
-Х.Азжаргал.
-Тэр хүнээс эхлээд баахан тендерийн луйвар хийчихсэн. Тэр луйврыг нь дотоод хяналтаараа илрүүлдэг байхгүй юу даа. Манай Хяналт шалгалт хариуцсан үндэсний хороо. Гэх мэтчилэн энд тэнд болж байгаа булхай, луйврыг илрүүлээд байх юм байна. Тийм учраас ийм 3 үндэслэлээр АН-аас салах нь зүйтэй гэж гишүүд нь ярьсан гэсэн. Нэг үгээр хэлбэл: Хяналтгүй засаглахыг л хүсээд байна л даа.