Миннесота мужийн хууль тогтоогчийг буудан хороосон хэргийн сэжигтэн хоёр өдрийн дараа баригджээ


Өнгөрсөн долоо хоногийн бямба гаргийн үүрээр Ардчилсан намын гишүүн, хууль тогтоогч асан Мелисса Хортман болон түүний нөхөр Марк нарыг Миннеаполис хотын захын Бруклин парк дахь гэрт нь буудан хороосон юм. Уг хэргийн сэжигтэнг хоёр өдрийн турш эрж хайсны дүнд баривчилсан байна.

Дээрх хэргийн сэжигтэн болох 57 настай Вэнс Болтерыг орон нутгийн цагаар ням гаргийн үдэш Миннеаполис хотын баруун өмнөд хэсгийн Сибли тойргоос баривчилсан талаар цагдаагийн байгууллага мэдэгджээ.

Тэрээр эхлээд АНУ-ын сенатч, Ардчилсан намын гишүүн Жон Хоффманы гэрт очиж хөнөөхийг завдсан байна. Сенатч Жон Хоффман болон түүний эхнэр Иветт нар шархадсан боловч амьд гарсан юм. Уг халдлагатай холбогдуулан цагдаа нар ойролцоо нь амьдардаг Ардчилсан намын өөр 1 гишүүн болох Мелисса Хортманы гэр лүү эргүүлийн цагдаа илгээжээ. Цагдаа нарыг тэднийд яг очих үед хэрэгтэн Хортманы хосыг буудаж байжээ.

Гэвч Вэнс Болтер хэргийн газраас зугтааж чадсан байна. Миннесота мужийн хэмжээнд хоёр өдрийн турш түүнийг мөрдөж мөшгөх ажиллагаанд 100 гаруй цагдаа, тусгай хүчний (SWAT) 20 баг оролцсон байна. Эрх баригчид Вэнс Болтерыг уг хэргийг ганцаараа үйлдсэн гэж үзэж байгаа аж. Ийм хэрэг үйлдэх болсон сэдэл, шалтгааны талаар хараахан мэдээлэл хийгээгүй байна.

Сэжигтэн Вэнс Болтерыг хоёр хүн амины хэрэг, хоёр хүний аминд хүрэхийг оролдсон буюу нийт 4 хэрэгт буруутгасан байна. Тэрээр сенатч Жон Хоффманы тэргүүлж байсан мужийн хөгжүүлэлтийн удирдах зөвлөлд улс төрийн алба хашиж байсан ч тэд бие биеэ таньдаг байсан эсэх нь тодорхойгүй байна.

Харин халдлагын улмаас амиа алдсан хууль тогтоогч Мелисса Хортман эмэгтэйчүүдийн аборт хийлгэх эрхийг хамгаалахын төлөө тэмцэгч байсан ажээ. Мелисса болон Марк Хортман нар насанд хүрсэн хүү, охин хоёртой. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *