Улаанбаатар хотын төвд байрлах “Рио Тинто” группийн байгуулсан цэцэрлэгт хүрээлэнд хоёр эгчтэйгээ хамт салхилж явсан охин нохойд хазуулж, уруулсан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан билээ.
Эргэн сануулахад хошуувчгүй, сул нохой гэмгүй явж байсан охин руу дайрч, хазаж байхад хажуугаар нь явж байсан хүмүүс тусламж үзүүлэлгүй, харсаар өнгөрч буй нь хяналтын камерт бичигдэж үлдсэн байдаг.
Тэгвэл эл явдлаас хойш хоёр сарын хугацаа өнгөрөхөд 10 настай охиныг хазаж, гэмтээсэн хэрэгт хариуцлага хүлээх эзэн олдоогүй байна. Нохойнд хазуулсан охины гэр бүл Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан ч хөнгөн гэмтэл гэж үзэн, хэргийг хаажээ.
Уг охины ээж иргэн Б.Баяржаргал “Намайг очиход 1 хүн мэдүүлэг авч байсан. Гэтэл дараа нь өөр хүн гарч ирээд, ажлын бус цагаар фэйсбүүкээр холбогдоод “Таны хэргийг би хариуцаж авна” гэсэн. Хууль, шүүхтэй улс байна. Хэргийг шийдээд өгнө гээд итгэж байтал хоёр сарын дараа “Таны охины гэмтэл хөнгөн байна. Ирж гарын үсэг зураарай. Хэргийг хаана” гэсэн. Хандах ёстой газар нь ингээд хаалт хийчихлээ. “Танай хүүхдийн буруу” гэж байгаатай утга нэг шүү дээ” хэмээв.

Тус хэргийн талаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас тодруулахад охиныг хазсан нохой эзэнтэй байсан. Нохойгоо бусдад аюулгүй байлгах үүргээ биелүүлээгүй эзнийг нь торгох хариуцлага хүлээлгэнэ гэж байсан билээ.