Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцууллаа. Үүний дараа УИХ-ын гишүүд ЗГ-ын сайдад нэр дэвшигч нар болон Ерөнхий сайдаас асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Салбарынхаа бодлогын асуудал оруулж ирсэн сайд алга. Бодлогыг нь дэмжээд, бодитой ажил болгоё гэхээр хуулийн төсөл оруулж ирсэн сайд бараг алга байлаа. Бүгд ярьсаар байгаад өнгөрлөө. Ирээдүй цаг дээр битгий яриарай.
ЭЗХЯ-ыг өөр түвшинд аваачмаар байна. Өнгөрсөн жил эдийн засгийн хөгжлийн өсөлт 7.9 байсан. Энэ жил 2.4. Энд тэндхийн төсөл, хөтөлбөрүүдийг жагсааж биччихээд, тэрнийхээ учрыг өөрсдөө ч олохгүй явж ирлээ ш дээ.
Уул уурхайн салбарт ямар бодлого явуулах вэ? Нүүрсэнд найдах хэрэггүй боллоо гэдгийг дэлхий нийт харуулж байна шүү дээ. Орон нутгийн иргэдтэйгээ ойлголцоод, шинэ төрлийн ашигт малтмал олборлох, үйлдвэр байгуулах хэрэгтэй байна.
Тэргүүн шадар сайдад нэр дэвшигч Н.Учрал: Бодит амьдрал дээр түүхий эддээ нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл явуулдаг болох ёстой. Зөвшөөрлийн реформыг дуусгана. Хууль батлагдсаны дараа төрийн өмчит компаниудыг нээлттэй компани болгож, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн төлөө ажиллана. 4 зөвшөөрөл тутмын 1-ийг нь мэргэжлийн холбоодод шилжүүлнэ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад нэр дэвшигч Г.Дамдинням: ЗГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлд ажиллана. Оролцогч талуудыг ойлголцуулах тал дээр бид анхаарч ажиллах хэрэгтэй байгаа юм.
ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт: АЗЗА компаниудыг нэгтгэсэн. 22 компанийг 1 болгосон юм шиг мөртлөө зардал, орон тоо нэмэгдсэн.