У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ 2-ын дунд Г.Занданшатар хэцүүдэж явна


Сандал суудлаа булаацалдаад МАН маргаантай байна. Аливаа асуудал дээр нэг л дохиогоор хөдөлж, нэг л амтай байж ирсэн үе нь өнгөрч, даргын өөдөөс даналздаг гишүүн олширчээ. Энэ нь сайны тэмдэг үү, муугийн ёр уу, бүү мэд. Ямартай ч МАН-аас 2024 онд УИХ-д анх удаа орж ирсэн 30 гишүүн нь 2 янзын бичиг үйлдээд, 1-ийг нь Ерөнхий сайдад, нөгөөг нь намынхаа Удирдах зөвлөлд өгчээ. Ерөнхий сайдад өгсөн бичиг нь Жендерийн хуулийг хэрэгжүүлэхийг сануулж, байгуулах Засгийн газрынхаа бүрэлдэхүүний 30%-д эмэгтэйчүүдийг багтаахыг хүссэн утгатай. 30-аа байг гэхэд Г.Занданшатар танхимынхаа 15%-ийг нь эмэгтэйчүүдээр бүрдүүлэхээс өөр аргагүй болж байна.

Г.Занданшатар 6 дугаар сарын 13-нд Ерөнхий сайд болсон. Тэр өдөртөө танхимынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-аар батлуулахаар төлөвлөсөн ч чадаагүй. Өчигдөр шинэ 7 хоногийн эхний өдөр батлуулна гэж УИХ-ын гишүүд ч, олон нийт ч хүлээв. Бас л барсангүй. МАН-ын бүлэг ч хуралдаж чадсангүй. Ерөнхий сайдыг хүлээгээд тус намын бүлэг хурлаа хойшлуулж, бүтэн өдрийг барав.

Гашуунсухайт яваад иртэл дараагийн Засгийн газар тодорчихсон байсан гэж Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Тэр үед зурсан зургаа баллуурдаж, дахин зурах гээд Г.Занданшатар харандаа, цаас бариад өрөөн дотроо хөлсөө дуслуулж суугаа биз. У.Хүрэлсүхийн захиалгаар түүний зурсан зургийг Л.Оюун-Эрдэнэ мэдчихээд, засвар оруулахаар элдэв арга сүвэгчилж, арга олж ч байна. Жендерийн хууль, шинэ гишүүд гээд Л.Оюун-Эрдэнийн тавьсан сум байндаа онож байгааг Төрийн ордонд өрнөж буй үйл явдал, бужигнаж буй улстөрчид харуулна.

Дээгүүрээ ийн суудлаа олох гэж тэмцэлдэж байх зуур доогуур нь Төрийн сангийн гүйлгээ хаагдаж, нийтийн албаны ажил цалгардаж эхэллээ. Засгийн газраа яаралтай байгуулж, Төрийн сангийн гүйлгээг нээхгүй энэ хэвээрээ 6 дугаар сарыг дуусгавал нийтийн албан хаагчид цалингаа авч чадахгүйд хүрнэ.

МАН-ынхан эх орондоо ингэж бужигнах ч яах вэ. Тэмцэл, маргаан, санал зөрөх асуудал хэзээ ч, хаана ч гарч болох л асуудал. Гэхдээ монголчууд “Ходоод хагаравч тогоон дотроо. Олгой хагаравч гэдсэн дотроо” гэж нэгэндээ сануулдаг. Ерөнхий сайдаар ажиллахдаа, Ерөнхий сайдын суудлаа алдахгүйн тулд ер бусын их мөнгө цацсан. Мөнгө мөртэй гэдэг. Бас их хүчтэй. Хүүгийнх нь үрсэн мөнгө түүнийг өндөр сэнтийгээс нь буулгасан. Хаа сайгүй цацсан, хэвлэсэн мөнгө нь харин юунд хүргэх бол доо.

Хамгийн хорлонтой нь, муухай нь тэр гадаад ертөнцөд Монголын нэр хүндийг унагаж явна. Монгол Улсын Засгийн газрыг хамгийн удаан тэргүүлсэн түүнд зангараг гэдэг зүйл байсангүй. Энэ улсад амьдрахгүй мэт, үр хүүхэд нь энд үлдэхгүй мэт аашилж байгаа нь хачин. Тэр Монголд амьдрахгүй байж болно. Үр хүүхэд нь үлдэхгүй байж болно. Бид үлдэнэ. Монголчууд энэ газар нутагт үеийн үед амьдарч, үрийн үрдээ өвлүүлсээр ирсэн юм. Хойшид ч тэгэх болно. “Нэр хугарахаар яс хугар” гэдэг. Монгол Улсын нэр хүндийг Дэлхий дахинд сэвтүүлээд Л.Оюун-Эрдэнэ хожиж болох ч монголчууд хохирно.

Орлогоо нотлохыг л залуус түүнээс шаардсан. Тэр нотлоогүй. Нотолж чадахгүй бол огцрох л ёстой. Орлогоо нотолж чадахгүй хураалгах хууль түүнийх. Тэр өөрийнхөө дэмжиж, УИХ-д өргөн барьсан хуулийнхаа эсрэг зүйл хийчхээд, өөр зүйл ярьж яваа нь олон нийтэд таалагдаагүй. Тэгээд л залуус түүнийг эсэргүүцсэн. Гэвч тэр Ерөнхий сайдын суудалтай үхэн хатан зууралдсаар, Монгол Улсын нэр хүндийг золиод ч хамаагүй эрх мэдлийн тойрогт үлдэхийг хичээж байна. Монголд, монголчуудад ийм өөдгүй, арчаагүй, хар амиа бодсон, хувийн эрх ашгийнхаа төлөө юу ч хийхээс буцахгүй хүн хэрэггүй.  

Ерөнхий сайдын суудлаа зүгээр нэг өгөлгүй, МАН-ын дарга гэдэг эрх мэдлээ ашиглан, жагсаалтаар УИХ-д оруулж ирсэн гишүүдээ хөдөлгөн, шинэ Ерөнхий сайдыг шантаажилж байна. Үүндээ бүүр Английн “The Times”-ыг ашиглаж явна. Тэр одоохондоо УИХ-ын гишүүн, МАН-ын дарга. Энэ мэдлээ ашиглан, улс төрд орон зайгаа хадгалж үлдэхээр хичээхдээ Монгол Улсыг муухай харагдуулж болохгүй. Жоомоо алах гээд гэрээ шатааж болдоггүй юм. Эрх мэдлээ алдахгүй гээд улсаа хорлож болохгүй. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар бол нүүгээд өнгөрөх үүл. Монголын хөх тэнгэр харин мөнх юм шүү. Энэ тэнгэрт бараан үүл татаж л байдаг, цэлмэж л байдаг. Цэлмэг өдрийг нь олон байлга гэж та бүхэнд ард түмэн төрөө даатгасан болохоос аянга буулгаж, цахилгаан нижигнүүлж, аадар буулга гээгүй юм шүү.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *