Х.Нямбаатар: Дулааны асуудал хамгийн хүнд байгаа


Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

-Нийслэлчүүдийн баяр наадам буюу “Даншиг наадам”-ын төсөвт өртгийг сайн мэдэхгүй байна. Ер нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн наадмын талбайд таримал зүлэг дэвсэх гэхээр морьтой бэлтгэл сургуулилалт хийж, ургаж байгаа зүлгээ байхгүй болгочихдог. Тийм учраас хиймэл зүлэг дэвсэхээс өөр аргагүй. Одоо зүлгээ дэвсээд дууссан. Төв цэнгэлдэх хүрээлэнд 2025.06.21-нд БНСУ-ын уран бүтээлчид тоглолт хийхээр төлөвлөсөн. МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавтай ярилцаад, 6 дугаар сарын сүүлчээр тухайн үед бороо орвол бөхчүүд бэлтгэл сургуулилалт хийж, хиймэл зүлгэн дээр туршилт хийнэ. Хэрвээ бороо орохгүй бол гал унтраах машинаар зүлгийг норгож, туршиж үзнэ.

Нийслэлд харьяалалтай төрийн албан хаагчдыг цомхотгох уу?

-Төрийн албан хаагчдыг 9 орчим хувиар цомхотгож, тодотгол хийхээр байгаа.

-Нийслэлийн төсөв ямар байгаа вэ?

-Нийслэлийн төсөв улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг. Одоогоор нийслэлийн төсөв тасалдалгүй явж байгаа. Нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүдийн талаас илүү хувийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр явуулж байгаа. Тэгэхээр төсөв дээр тодотгол хийх шаардлагагүй. Харин төсөв дээр баталгааны асуудлаа шийдэх 2-3 төсөл байгаа. Нэгдүгээрт, тойрог замын ТЭЗҮ дууссан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийж дууссан. Метроных дууссан. Зарим төсөл дээр холимог байдлаар хэрэгжүүлэхээр гадаадын төлөөлөгчидтэй уулзаж байна.

Тойрог зам дээр 15 хувийн эх үүсвэрээ шийдэж, 85 хувьд 10-аас дээш жилийн хугацаатай “Экзим” банкаас зээл авахад, Засгийн газрын баталгаа шаардлагатай байгаа. Баталгааны дүн энэ долоо хоногт эцэслэгдэх байх. Гурван багцаас бүрдэнэ. Тойрог замыг ашиглалтад оруулснаар түгжрэл буурна. Эргэн төлөлтийн хувьд 10 хэдэн жилийн хугацаанд Замын сангийн хураамжаар эргэн төлөх тооцоо хийсэн.

-Дулаан 5-р цахилгаан станцаа хэзээ барих вэ?

-7-р сард “ДЦС 5”-ын тендерийг нээнэ. Энэ бол бидний амин сүнс. Дулаан, цахилгааны найдвартай хангамжийг шийдэх хамгийн том төсөл. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар тендер зрласан. Одоогоор 4 аж ахуйн нэгж материал авсан. Сая амралтын өдөр талбай дээр нь очиж, барилга барих газар геологийн дүгнэлт тодорхойлолтуудаа айлын талд өгсөн.

Ирэх өвөл Улаанбаатар хотод дулаан дутагдана. Үүнийг яаж шийдэж байна вэ?

-Өнгөрсөн жил бурхны авралаар хот хэдэн төгрөг босгож, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Үүний үр дүнд 2024 оны 12 дугаар сарын 5 гэхэд нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 350 МВт болж өргөссөн.

Сая амралтын өдрүүдэд Бөөрөлжүүтэд очсон. Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг хугацаандаа ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Янз бүрийн осол гарахгүй бол эрчим хүчний тал дээр энэ өвөл дутагдалгүй өвөлжинө. Дулааны асуудал хамгийн хүнд байгаа. Эрчим хүчний сайд болон холбогдох албаныхантай уулзахад “ДЦС-3”-т гарсан галын улмаас 9 дүгээр турбины зуух бүрэн шатаагүй учраас тэр зуухны технологийн горимыг өөрчилж, 1500 тонн халуун ус эргүүлэх боломжтой.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *