Францын нийслэл Парис хотноо байрлах, Дэлхийд нэртэй Луврын музейн ажилтнууд даваа гарагт гэнэтийн ажил хаялт зарласнаар музейн үйл ажиллагаа зогссон байна. Музейн ажилтнууд байнгын хэт аялал жуулчлал болон “тэсвэрлэж, тэвчихийн аргагүй” хөдөлмөрийн нөхцөл байдлын улмаас ажил хаялт зарлаж байгаагаа тайлбарлажээ.
Лувр бол Дэлхийн хамгийн олон хүн үзэж сонирхдог музей бөгөөд өнгөрсөн жил тус музейг 8.7 сая хүн үзсэн нь уг музейн хүчин чадлаас хоёр дахин давсан үзүүлэлт байжээ. Тус музейд нэг өдөрт 30 мянган хүн хүлээн авах хязгаар тогтоосон байдаг нь ч амрах талбай бага, ариун цэврийн өрөө цөөн, зун музей дотор хэт халуун, бүгчим байдаг зэргээс шалтгаалж, музейн ажилчид маш хүнд хэцүү сорилтыг даван туулахад хүрдэг байна. Ганцхан жишээ дурдахад зөвхөн Мона Лизагийн зургийг үзэх гэж тэрхүү бяцхан зураг өлгөөтэй байдаг танхимд өдөр бүр 20 мянга гаруй хүн орж ирдэг байна.
Ийнхүү хүчин чадлаа дийлэхээ больж, тэсвэр тэвчээр нь алдагдсан музейн ажилчдын (танхимын ажилтнууд, тайлбарлагчид, тасалбар борлуулагчид, хамгаалагчид) урьдчилан сануулж, мэдэгдээгүй гэнэтийн ажил хаялтын улмаас тасалбар худалдаж авсан олон мянган үйлчлүүлэгч уг музейн гадна яахаа мэдэхгүй зогссон дүр зураг даваа гарагт Парис хотын төвд ажиглагдсан байна.
Луврын музейг их засварт оруулж, ажилтан болон үзэгчдэд улам таатай болгон өөрчлөх 700-800 сая еврогийн төсөв бүхий 10 жилийн хугацаатай томоохон төлөвлөгөөг хэдхэн сарын өмнө Францын Ерөнхийлөгч Э.Макрон зарласан юм. Гэвч их засвар хийхийг 10 жил хүлээж чадахгүй гэдгээ музейн ажилтнууд хэлж байна.
Ямартай ч Луврын музей лхагва гаргаас ажиллаж магадгүй байгаа талаар мэдээлэл гарсан байна. Даваа гарагт музей үзэж чадаагүй үзэгчдийг тухайн тасалбараараа лхагва гарагт үйлчлүүлэх боломж олгох аж.
Луврын музей хаалгаа барих нь маш ховор. Дэлхийн дайн, ковидын цар тахал болон цөөн хэдэн удаа болсон ажил хаялт, олны хөлд дарагдах зэрэг онцгой нөхцөл байдлаас болж хаалгаа барьж байжээ. Харин энэ удаад олон мянган үзэгч оочер дараалал үүсгэн хүлээж байсан үед урьдчилан сануулж мэдэгдэлгүй гэнэт ажил хаясан нь онцлог байлаа. Луврын музей энэ оны сүүлчээр ЕХ-ны бус, гадаадын жуулчдад зориулсан өндөр үнэтэй тасалбар гаргахаар болсон байна.