Манай Л.Оюун-Эрдэнэ аливаа схемийг олж илрүүлэхдээ гаргууд. Тэр өөрөө ч бас схем зурахдаа мэргэшжээ. Монголын улс төрд нөлөөгөө хадгалж үлдэхээр зурсан түүний схемд гадаадын хэвлэл мэдээллийн байгууллага багтсан гэж хэний ч санаанд орсонгүй. Бусдын схемийг уншиж, задалж харан, мөрдөж мөшгөсөөр ийм мэргэжлийн схемчин болсон юмдаг уу даа. Угаас төрөлхийн схемчин байсан учраас схем унших, тайлахдаа гаргууд байж ч мэднэ.
Түүний дараагийн алхам юу болох, схемд нь юу зурагдсаныг таах, тайлах Ванга үгүй л болов уу. Гадарлаж болох 2 хүн л байна. Хүүхэд байхаас нь “Худлаа битгий хэлээрэй. Хулгай битгий хийгээрэй” гэж захиж, хайрлаж, улс төрд оруулж ирэн, бойжуулсан ах нь гадарлаж байж болох юм. Ахын сургаалыг сонсож, зааврыг нь даган, улс төрийн тогооноос хамтдаа хооллосон 2 дарга бие биеэ дажгүй мэдэх биз. Тэр утгаараа андынхаа схемийг Д.Амарбаясгалан гадарлах байх.
Л.Оюун-Эрдэнийн схемд У.Хүрэлсүх, Баялгийн сан хүртэл багтсан байгаа юм
Гэвч тэр ахынхаа, даргынхаа захиасыг биелүүлсэнгүй дээ. Хулгай хийсэн байж болох тансаглал хүү, бэр хоёртой нь холбоотойгоор олон нийтэд ил болсон. Үүн дээр тэр У.Хүрэлсүхийн үгийг ах гэдэг утгаар ч, дарга гэдэг хувиар нь ч тоогоогүй нь тодорхой байна. “Худал битгий хэлээрэй” гэсэн захиасыг нь ч нэг чихээрээ оруулаад, нөгөө чихээрээ гаргачихсан бололтой дог.
Л.Оюун-Эрдэнийн схемд У.Хүрэлсүх, Баялгийн сан хүртэл багтсан байгаа юм. “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй. Би дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй” гэж У.Хүрэлсүхийг дахин дахин хэлээд байхад л, хамгийн дээр байгаа хүн ардчиллыг үгүй хийх нь, Ерөнхийлөгчийн засаглал тогтоох нь, 1 хүний дарангуйлал бий болгох нь гэж ард түмнийг айлгаж байгаа нь Л.Оюун-Эрдэнэ. “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй” гэж ахаараа ахин дахин хэлүүлээд л байна.
Нутгийн ах, дүү хоёрын хэн нь худалч юм бол?
Үнэхээр тийм аюул байгаа гэж үү? Ерөнхийлөгч хүн нэг л амтай байх ёстой. У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхийлөгчийн байр сууринаас нэг үгээ дахин давтан хэлж, баталж байна. Гэвч Ерөнхийлөгч биш болсныхоо дараа өөр юм яриад явна гэж Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд ойлгуулаад байгаа. Ирээдүйг хэн ч мэдэхгүй. Хэн нь үнэн, хэн нь худал хэлснийг тэр үед нь л харах болж байна. Нутгийн ах, дүү хоёрын хэн нь худалч юм бол?
Баялгийн сан 2 зохиогчтой болчихлоо. Баялгийн санг санаачилж, хуулийг нь батлуулж, стратегийн ордуудын 34%, 51%-ийг тус санд авах мундаг санаачилга гаргаж, ард олныг гийгүүлж яваа хүн гэж Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө дөвийлгөсөөр ирсэн.
Гэтэл сая энэ санд өөр нэг эзэн гарч ирсэн нь У.Хүрэлсүх. УИХ-ын чуулганд 2025.06.02-нд гэнэт орж ирэн үг хэлэхдээ Ерөнхийлөгч “Би МАН-ын дарга буюу Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2019 оны Үндсэн хуульд “Үндэсний баялгийн сан байгуулна” гэдэг заалтыг нөхөдтэйгээ хамт оруулсан юм. Намайг Ерөнхий сайд байхад Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байсан. Би түүнд томилолт өгч, Норвегийн баялгийн санг судлаад ир гээд явуулсан. Ингэж баялгийн сан бий болсон шүү” гэж мэдэгдсэн билээ.
У.Хүрэлсүхийнхээр бол Л.Оюун-Эрдэнэ худалчаар барахгүй, хүний ажлыг өөртөө наадаг өөдгүй дүү болж таарав
“Сайн хүнд нөхөр олон. Сайн моринд эзэн олон” гэдэг л болов. У.Хүрэлсүхийнхээр бол Л.Оюун-Эрдэнэ худалчаар барахгүй, хүний ажлыг өөртөө наадаг өөдгүй дүү болж таарав.
Монголын улс төр Л.Оюун-Эрдэнэгүйгээр явж чадах ч Л.Оюун-Эрдэнэ улс төргүйгээр оршиж чадахгүй гэдгээ харуулж байна. Тэр Монгол Улсын түүхэнд хамгийн удаан ажилласан Ерөнхий сайд. Бас огцрохгүй гэж 21 хоног гүрийснээрээ Монгол Улсын түүхэнд огцруулахад хамгийн урт хугацаа зарцуулсан Ерөнхий сайд болж үлдсэн.
Одоо тэр дахин эргэж ирэхийг хүсэж буй. Түүнийхээ төлөө хичээнэ. Хамаг чадлаараа тэмцэнэ. Шинэ схем зурна. Зурчихсан ч байж магадгүй. Гэхдээ тэр улс төрийнхөө тэмцэлд улсаа ашиглаж, нэр хүндийг нь Дэлхийн тавцанд унагах юм хийж яваа. Яах гэж тэр вэ? Гэрийнхээ эрх мэдлийг булаацалдаад, гэрээ түймэрдэж байгаа МАН-ын эрх жаалууд дараа нь хаана амьдрах гээ юм бол? Үнс нурман дунд өөрчлөн байгуулалт хийж тоглохыг санаархаагүй байлтай. “7 хожгор, 1 можгор” үлгэрийг өвөө нь ярьж өгөөгүй л юм байх даа.