Украины нийслэл Киев болон Одесса хотууд Оросын дрон, пуужингийн томоохон цохилтод өртөж, 15 хүн амь үрэгдлээ


Мягмар гарагт Оросын талаас Украины нийслэл Киев хотын эсрэг “хамгийн аймшигтай агаарын цохилт” өгсөн талаар Украины ерөнхийлөгч В.Зеленский мэдэгджээ.

Түүний мэдэгдсэнээр Оросоос 440 гаруй дрон болон 32 пуужингаар довтолсон байна.

Шөнийн цагаар үзүүлсэн агаарын цохилтын улмаас олон барилга байгууламжууд эвдэрч сүйдэн, 14 хүн амь үрэгдэж, 116 хүн бэртэж гэмтсэн талаар Киев хотын албаныхны зүгээс мэдэгджээ.

Бөмбөгдөлтийн улмаас Киев хотын нэг хорооллын 30 байшин эвдэрч сүйдсэн, нэгэн дүүргийн 9 давхар орон сууцны барилга бүхэлдээ нурсан бөгөөд нурангид дарангдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Киев хотын 27 байршилд үүнтэй ижил гарз хохирол тохиогоод байгаа тул амь үрэгдэгсдийн тоо хэмжээ нэмэгдэж болзошгүй байна. Амиа алдсан хүмүүсийн дунд 62 настай АНУ-ын иргэн багтсаныг Киев хотын дарга Виталий Кличко мэдэгджээ.

Оросын агаарын довтолгоо 9 цагийн турш үргэлжилсэн бөгөөд хотын оршин суугчид газар доорх нуувчинд өглөө болтол хоргодсон байна.

Түүнчлэн Украины Одесса хотод мөн дроноор цохилт өгсний улмаас 1 хүн амь үрэгдэж, 17 хүн бэртэж гэмтсэн байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс Украины цэрэг, зэвсгийн аж үйлдвэрлэлийн цогцолборуудыг онилон цохилт үзүүлж, бүгд байндаа оновчтой туссан хэмээн мэдэгджээ.

Сүүлийн үед Украины эсрэг үзүүлэх ОХУ-ын агаарын цохилт эрчимжиж, нэмэгдэх болсон бөгөөд Украины иргэний суурьшлын бүсүүдэд удаа дараа цохилт үзүүлсээр байна. Өнгөрсөн 4-р сард үзүүлсэн агаарын цохилтын улмаас 12 хүн амь үрэгдсэн бол энэ сарын 10-ны өдөр Оросын тал Украины эсрэг 500 орчим дрон, пуужин харвасан билээ. НҮБ-ын мэдээллээр Оросын довтолгооны улмаас 12 мянга гаруй энгийн иргэн амиа алджээ. Харин ОХУ-ын зүгээс зөвхөн Украины цэрэг, зэвсгийн байршлуудад цохилт үзүүлж байгаа хэмээн мэдэгдсээр байгаа юм.

Украин тал ч мөн дотооддоо үйлдвэрлэсэн алсын тусгалт дроноор Орост цохилт үзүүлсээр байна. ОХУ-ын зэвсэгт хүчний мэдэгдсэнээр даваа гарагаас мягмар гарагт шилжих шөнө Оросын 10 гаруй муж, бүс нутагт үзүүлсэн Украины агаарын цохилтын үеэр 203 дроныг агаарт устгасан гэжээ. Мөн Оросын эзлэсэн зүүн Украины Донецк мужид пуужингаар харвасны улмаас 10 хүн шархадсан талаар мэдээлжээ.

Харин дайны галын шугаман дахь нөхцөл байдал Украины талд хүндрээд байна. Ялангуяа Украины зүүн болон зүүн хойд хэсгээр Оросын довтолгоо улам эрчимжиж  эхлээд байгаа тул довтолгоог зогсоохын тулд Киев барууны түнш, холбоотнуудын зэвсгийн болон санхүүгийн нэмэлт тусламжид найдахаас өөр аргагүй болоод байна. Түүнчлэн Украины дайны асуудлаарх АНУ-ын бодлого тодорхойгүй байдалтай болоод байгаа нь мөн Киевийн тус улсад найдах эсэх эргэлзээг нэмэгдүүлж байна. Канад улсад зохиогдсон “Их Долоо”-гийн бүлгийн дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд Украины ерөнхийлөгч В.Зеленский АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай уулзах байсан ч Трамп Ираны асуудлаар чуулга уулзалтыг орхин явсан билээ. 

“Их Долоо”-гийн чуулга уулзалтад оролцсон Украины ерөнхийлөгч В.Зеленский Оросын сүүлийн үеийн агаарын довтолгоог “цэвэр терроризм” хэмээн нэрлэж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг “дайныг сунгаж үргэлжлүүлэхийг хүсэж байгаа учраас, тэгэх чадалтай учраас үүнийг хийж байна, харин дэлхийн хүчирхэг их гүрнүүд үүнийг нь хараагүй юм шиг хүлээн авч байгаа нь харамсалтай” гэжээ.

Чуулга уулзалтын хоёр дахь буюу сүүлийн өдөр зохион байгуулагч Канад улсын ерөнхий сайд Марк Карни Украинд улсад 2 тэрбум канад долларын зэвсгийн тусламж болон 2 тэрбум гаруй канад долларын дэд бүтцийн сэргээн босголтын зээл олгож байгаагаа зарласан бол Их Британи улсын зүгээс мөн ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх нэмэлт хориг арга хэмжээг зарлаад байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *