Умард Солонгосын 6000 цэрэг Оросын Курск мужийн сэргээн босголтод оролцоно


БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Украины довтолгоонд өртсөн Оросын Курск мужийн автозам, харилцаа холбооны байгууламж гэх зэрэг дэд бүтцийн сэргээн босголтод 6000 цэргээ илгэхээр шийдвэрлэсэн болсон байна.  

Энэ талаар тус улсад айлчлаад буй ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу мягмар гарагт мэдэгджээ.

Тасс мэдээллийн агентлаг С.Шойгуг энэ удаад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины “тусгай даалгаварын” дагуу БНАСАУ-д айлчлах гэж байгааг мэдээлж байсан юм. Тэрээр өмнө нь энэ сарын 4-ний өдөр Пхеньянд айлчилж, Ким Жон Унтай уулзсан бол ийнхүү нэг сарын дотор хоёр дахь удаагаа тус улсад айлчилж, Ким Жон Унтай хэлэлцээ хийсэн байна.

Оросын РИА Новости, Тасс агентлагуудын мэдээлснээр Умард Солонгос улс 1000 сапёр цэрэг болон 5000 барилгын цэргийг ОХУ-ын Курск мужид илгээхээр болсон байна. 

С.Шойгу мөн Украины эсрэг дайнд амь үрэгдсэн Солонгосын цэргүүдэд зориулж Москва болон Пхеньян хотуудад дурсгалын хөшөө байгуулахаар төлөвлөж байгааг онцолжээ.

Умард Солонгос улс Украины эсрэг дайнд Орост туслалцаа үзүүлэх үүднээс олон мянган цэргээ илгээгээд байгаа бөгөөд 4 дэх жилдээ орон үргэлжүүлж буй энэ дайнд Оросын гол түнш, холбоотон болоод байгаа билээ.

Өнгөрсөн 4-р сард Өмнөд Солонгосын тагнуулын албаны зүгээс Орос-Украины дайны галын шугаманд Умард Солонгосын 600 цэрэг амь үрэгдэж, 4100 цэрэг шархдсанаас гадна ОХУ, БНАСАУ-ын хоёр талт аж үйлдвэрийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Умард Солонгосын 15000 ажиллах хүчин Орост илгээгдсэн болохыг ил болгон мэдээлж байсан.

Түүнчлэн Вашингтон болон Сөүлийн зүгээс БНАСАУ-ыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөө сайжруулах зорилгоор Оросоос технологи дамжуулан авахыг эрмэлзэж магадгүй хэмээн анхааруулаад байна.

БНАСАУ, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улам ойртож, дотносож байгаагийн нэг илрэл болох ойн арга хэмжээ пүрэв гарагт тохиох гэж байна. 6-р сарын 19-ний өдөр ОХУ, БНАСАУ-ын хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээрийн нэг жилийн ой тохиож байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *