Ховдод орсон борооноор хүн, мал усанд боогджээ


Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгийн зарим газраар өнгөрсөн хоногт бороо орлоо. Ховд аймагт орсон борооны улмаас хүн, мал усанд боогдож, аврагчдад хандсан байна. Хэт хуурай газарт усархаг бороо ороход, ус нь газарт ширгэж амжилгүй, үер болон урсаж байгаа ажээ.

Дуут сум Шивэр багийн Өлгий даваанд 6 зорчигчтой суудлын 2 машин үерийн усанд боогджээ. Тэд 6-р сарын 17-ны өдрийн 16:25 цагт онцгой байдлын албанд хандсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн албыг очиход, иргэн  Н-ийн “Тоёота пробокс” загварын суудлын машин, иргэн А-ын “Тоёота приус 20” загварын машин усанд боогдсон байжээ.

Ховд сумын Баянбулаг багийн нутагт орших Хөхсэрхийн нуруунд өчигдөр өдрийн 13:00 цагийн орчим орсон түр зуурын усархаг борооны улмаас 1 өрхийн 600 орчим бог мал үерийн усанд боогдов. 22:25 цагт ирсэн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход, иргэн Х-ын 50 орчим бог үерт боогдсон байжээ. Эдгээр малыг аюулгүй газарт гаргахад 1 цаг зарцуулсан байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *