Эм бэлдмэл хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан “Friends” цувралын жүжигчин Мэттью Перригийн үхэлд түүний эмчийг буруутгасан байна. Эмч Сальвадор Пласенциа жүжигчин Мэттью Перрид өндөр тунтай кетамин зарснаа хүлээсэн. Ийм хэрэгт дээд тал нь 40 жил холбооны шоронд хорих ял оноодог тухай даваа гарагт АНУ-ын Хуульзүйн яамнаас гаргасан мэдэгдэлд дурджээ.
Өнгөрсөн оны 10-р сард Марк Чавез хэмээх өөр нэг эмч Мэттью Перрид кетамин худалдсан хэрэгт буруутгагдсан бол мөрдөн шалгах явцад Мэттью Перригийн эмч Сальвадор Пласенциа тэрхүү Марк Чавез гэх эмчээс кетамин худалдан авч, жүжигчинд хэт өндөр үнээр дамлан зардаг байсан нь тогтоогдсон байна.

Тэрээр жүжигчний гэрт очиж, түүнд кетамин тарьдаг байснаа хүлээсэн бөгөөд 2023 оны намар 2 долоо хоног гаруй хугацаанд нийт 20 удаа кетамин тарьсан байна. Жүжигчин Мэттью Перри депресс буюу сэтгэлийн гүн хямралын эсрэг эмчилгээний хүрээнд кетамин тариулж байсан гэж байсан ч прокурорууд түүнийг нас барахаасаа өмнө кетаминд донтсон байсан гэж мэдэгджээ.
Эмч Сальвадор Пласенциаг шүүх хурал ойрын үед эхлэх талаар АНУ-ын Хуульзүйн яам мэдэгджээ. Жүжигчин Мэттью Перри 2023 оны 10-р сарын 28-нд гэрийнхээ ванн дотор нас барсан байдалтай олдсон юм. Түүний үхэлтэй холбогдуулан мөрдөн шалгах ажлын хүрээнд дээр дурдсан хоёр эмчээс гадна жүжигчний хувийн туслах, кетамин худалдсан өөр нэг эрэгтэй, “Кетамины хатан хаан” хочит борлуулагч Жасвин Санга гээд нийт 5 хүнийг баривчилсан байна.