“Trump” нэрийн ухаалаг гар утас үйлдвэрлэнэ


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын гэр бүлийн бизнес болох “The Trump Organization” байгууллага ухаалаг гар утасны салбарт хөл тавьж, Трампын нэрийн брэнд бүхий ухаалаг гар утас худалдаанд гаргахаар болжээ. Д.Трампын хөвгүүдийн удирддаг “The Trump Organization” байгууллага алтан өнгө бүхий “Трамп” нэрийн ухаалаг гар утсыг 499 ам.долларын үнээр худалдаанд гаргахаар болсноо зарлаж, энэхүү утас нь “АНУ-д үйлдвэрлэсэн” байх болно гэдгийг онцолсон байна.

Түүнчлэн уг ухаалаг утсандаа сарын 47 доллар 45 центын төлбөртэй үүрэн сүлжээний үйлчилгээг санал болгож байгаа бөгөөд энэ нь Д.Трампын АНУ-ын 47 дахь болон 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсоныг давхар илтгэж байгаа ажээ.

АНУ-ын үүрэн холбооны үйлчилгээнд AT&T, “Verizon” болон “T-Mobile” гэсэн гол гурван оператор компани давамгайлдаг. Тэдний сарын үйлчилгээний суурь хураамж 40 орчим ам.доллар байдаг байна.

Ёс зүйн салбарын ажиглагчид, шүүмжлэгчид энэхүү бизнесийг ашиг сонирхлын зөрчил, авлига хээл хахуулийг нуун дарагдуулах арга хэлбэр болох болно хэмээн шүүмжлээд байгаа бол бизнес, худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний шинжээчид ухаалаг гар утасны эд анги, материал бүрийг 100 хувь АНУ-д үйлдвэрлэнэ гэдэг “ямар ч боломжгүй”, хамгийн боломжтой хувилбар бол Америкт угсрах явдал хэмээн тайлбарлаж байна.

Харин зарим ажиглагч Трампын нэрийн ухаалаг гар утас гаргахаар болсон явдлыг “iPhone” утсыг АНУ-д үйлдвэрлэхийг шаардсан “Apple” компанид үзүүлж буй дарамт шахалтын нэг хэлбэр ч гэж тайлбарлаж байгаа юм. Өнгөрсөн сард Д.Трамп АНУ-д үйлдвэрлээгүй “iPhone” утсанд хамгийн багадаа 25 хувийн импортын татвар ногдуулна хэмээн сүрдүүлсэн билээ.

“The Trump Organization” байгууллага 8-р сард “Трамп” утсыг худалдаанд гаргахаар зарлаж, урьдчилсан захиалга аваад эхэлсэн бол салбарын шинжээчид Дэлхийн хаана ч ийм богино хугацаанд ухаалаг гар утасны загвар гарган, угсарч үйлдвэрлэх боломжгүй гэдгийг хэлж байна.

Сонирхуулахад, Д.Трампын нийт хөрөнгийн хэмжээг 5.1 тэрбум ам.доллар хэмээн өнгөрсөн 3-р сард “Forbes” сэтгүүл зарлаж байсан бөгөөд түүний хөрөнгийн хэмжээ өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна. Тэрээр зөвхөн өөрийнх нь нэрийг ашигласан ном, бугуйн цаг, пүүз, үнэртэй ус зэрэг бараа бүтээгдэхүүний худалдаанаас гэхэд л 2024 онд 600 сая гаруй ам.долларын орлого олжээ. Мөн “Truth Social” хэмээх түүний нийгмийн сүлжээний платформын орлого нь өнгөрсөн жил олсон нийт хөрөнгийн тал хувийг дангаараа бүрдүүлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *