Европын Холбоотой ойр эх сурвалжуудын мэдээлснээр ЕХ, Франц, Герман, Их Британи улсууд баасан гарагт Женев хотноо Ираны гадаад хэргийн сайдтай уулзаж, хэлэлцээ хийхээр болсон байна.
ЕХ-ны гадаад бодлогын тэргүүн Каяа Каллас болон Европын дээрх гурван улсын гадаад хэргийн сайд нар Израил, Ираны хурцадмал нөхцөл байдлын асуудлаар Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчитай уулзах бөгөөд эх сурвалжуудын хэлснээр Европын талаас Ираныг хэлэлцээрийн ширээний ард сууж, цөмийн хөтөлбөрийн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг ятгахыг зорьж байгаа гэжээ.
Даваа гарагт ЕХ болон дээрх гурван улсын зүгээс Аббас Арагчитай утсаар ярьж, тус улсын цөмийн хөтөлбөрт санаа зовниж байгаагаа илэрхийлж, Тегераныг яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг уриалсан юм.

Ялангуяа Франц улс нөхцөл байдлыг гартаа авч, Израил-Ираны зөрчлийг шийдвэрлэх үйлсэд тэргүүлэх байр суурьтай оролцож эхлээд байна. Францын ерөнхийлөгч Э. Макрон гадаад хэргийн сайд Жан Ноэль Баррод хоёр талын зөрчлийг яриа хэлэлцээний арга замаар шийдвэрлэхийг шаардсан саналын төслийг боловсруулахыг даалгажээ. Францын гадаад хэргийн Герман болон Их Британийн гадаад хэргийн сайд нартай ойрын өдрүүдэд байнгын холбоотой, ойр ажиллаж байгаа бөгөөд эдгээр гурван улс 2015 онд Иран болон дэлхийн их гүрнүүдийн хооронд байгуулсан цөмийн гэрээний яриа хэлэлцээнд оролцож байсан юм. Тухайн гэрээний дагуу Ираны эсрэг тавьсан олон улсын хоригийг цуцласны хариуд Тегеран цөмийн хөтөлбөрийн үйл ажиллагааг хязгаарлаж байсан ч Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн албыг хашсан анхны бүрэн эрхийн хугацаандаа тус гэрээнээс АНУ-ыг гаргаж байсан билээ.
Францын ерөнхийлөгч Э.Макрон мөн Ираны цөмийн хөтөлбөр, баллистик пуужинтай холбоо бүхий байгууламжуудаас бусад байршилд цохилт үзүүлэхээ зогсоохыг Израил улсад уриалжээ. Тэрээр “бүс нутгийн аюулгүй байдалд ихээхэн аюул учруулж буй эдгээр цэргийн ажиллагааг яаралтай зогсоох шаардлагатай” гэж нэмж хэлсэн байна.