Монголын уран зохиолын сод төлөөлөгч Лодонгийн Түдэвийг дурсахуй


Зуны налгар өдөр Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн зохиолч, XX зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал, уран бүтээлийн үзэсгэлэнг зорьсон минь энэ. Танхимд Монголын утга уран зохиол хийгээд бусад салбарт жинтэй хувь нэмэр оруулсан эрхмүүд цугласан байлаа. Тэдний яриа, дурсамж, дурдатгалаар дүүрэн агшны бас нэгэн онцлох зүйл нь Лодонгийн Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан уран бүтээлийн үзэсгэлэн байв. Үзэсгэлэнд Л.Түдэвийн оюуны их бүтээлүүд болох “Уулын үер”, “Үл ажиглагдах онцгой учралууд”, “Болгар нутагт”, “Улаан долгион”, “Оройгүй сүм”, “Үгэн мөндөр”, “Нарнаас ус Уснаас гал”, “Хувьсгал танаа өчье”, “Монголын уран зохиолын дээжис” зэрэг ховорхон ном, зохиолыг нь дэлгэсэн байлаа. Зарим номын хавтас эрмэгээсээ үл ялиг халзарч, нугарсан ч хуудсыг сөхөн эхний өгүүлбэрээс нь уншихад л цааш үргэлжлүүлэн шимтэн суумаар тийм онцгой мэдрэмжийг төрүүлэх аж. Энэ агшинтай зэрэгцээд Л.Түдэв гуай хэмээх агуу хүмүүн энэхүү бүтээлүүдээ туурвихдаа ямархан эргэцүүлэлд автаж, бодож, тунгааж бичсэн бол гэж бодогдов. Тэнд цугласан олон хүнд энэ мэдрэмж төрсөн нь гарцаагүй байх.

“Л.Түдэв Судалгаа шинжилгээний ажил туурвихдаа баримтыг чухалчилдаг байжээ”

Уг арга хэмжээний бас нэгэн чухал зүйл эрдэм шинжилгээний хурал байлаа. Хурлын үеэр чиглэл тус бүрд олон сонирхолтой илтгэлүүдийг танилцуулсан юм. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Байгалсайхан “XX зууны Монголын нийгэм улс төр,  утга соёл,  сэтгүүл зүйн тод үзэгдэл Лодонгийн Түдэв” илтгэлийг танилцууллаа.

С.Байгалсайхан

Тэрээр илтгэлдээ Л.Түдэв гуай бол улс төр, сэтгүүл зүй, соёл, уран зохиолын хувьд XX зууны монголын ард түмний төлөө  маш их зүйлийг  хийж туурвисан хүн гэдгийг онцлон дурьдлаа. Жишээлбэл, Л.Түдэв гуай Монголын зохиолчдын эвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа залуучуудын боловсрол, эрүүл мэнд, дэг журамтай  байх зарчмын хүрээнд ажиллаж байжээ. Мөн 1970-аад оны үед дэлгэрсэн илгээлтийн эзэн  хөтөлбөрийн хүрээнд олон залуу малчид бий болсон. Түүнчлэн Дархан, Эрдэнэт, Бор-Өндөрийн бүтээн байгуулалтын ажил  зэрэг нь Монголын залуучуудын эвлэлээс зохион байгуулсан, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үзэл бодлын томоохон илэрхийлэл болжээ.

Ч.Жачин

Л.Түдэвийн Эрдэм судлал бүтээлийн талаар Гавьяат багш, доктор, профессор Ч.Жачин “Түдэв гуайн туурвисан олон бүтээлийн нэг хэсэг нь бол яах аргагүй эрдэм судлалын бүтээл. 1960-аад он гарснаас хойш эрдэм  судлалын ажлаа сонирхож эхэлсэн байдаг.  Л.Түдэв гуай “XXI зуунд баримтат зохиол хамгийн их үнэ цэнтэй болно” гэж хэлж байсан. Өөрөө судалгаа шинжилгээний ажлаа туурвихдаа баримтыг их чухалчилдаг байж.

Тэрээр бүтээлээ туурвихдаа олон улсын архивын  баримт болон аман эх сурвалжийг ашигладаг байсан нь  жишиг болон үлдсэн. Монголын утга зохиолын судлалын түүхэнд тод гэрэлтсэн зохиол нь  “Монголын уран зохиолын үндэсний болоод нийтлэг шинж” хэмээх бүтээл юм” хэмээлээ.

“Монголын Үнэн” сонинд анхны нийтлэлээ 1959 онд гаргажээ
Б.Цоожчулуунцэцэг

Л.Түдэв гуайн амьдралаас ялгаж салгахын аргагүй орон зай, дурсамж дуртатгалаар дүүрэн он жилүүдийг тодотгосон газар бол яах аргагүй “Монголын Үнэн сонин” байдаг. Намтар түүхээс харахад Л.Түдэв гуайг  1984-1996 он хүртэл “Монголын үнэн” сонины эрхлэгчээр ажиллаж байсан гэж бичжээ. Гэхдээ Монголын үнэн сонинтой Түдэв эрхлэгч 68 жилийн өмнө холбогдсон түүхтэй. Энэ талаар “Монголын Үнэн” сонины ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг “Монголын үнэн” сонины  1957 оны дөрөвдүгээр  сарын 30-ны өдрийн дугаарт  Зохиолчдын  хоёрдугаар  хурал дээр зохиолчдын хэлсэн үгэнд “Говь-Алтай аймгийн төлөөлөгч, орос хэлний багш Л.Түдэвийн хэлсэн үг  анх нийтлэгдсэн байдаг юм. Тэрээр энэ хурал дээр “Утга зохиолыг нэг хүн гаргадаггүй нийгмээрээ гаргаж түүнээс суралцдаг учир  тэр нь нийгэмлэгийн амьдралын сурах бичиг юм. Ямар нэг бодит амьдралыг үзэж байж зохиол бичиж чаддаг байна. Хуралд суугаа үзэг нэгт манай нөхөд  ирээдүйн төлөө, үр хүүхдийнхээ төлөө зохиол бичдэг байх хэрэгтэй. Хүүхдийнхээ төлөө гэдэг нь өөрийн төлөө, өөрийн эх орны төлөө гэсэн хэрэг. Үүнийг сэтгэж хүүхдийн зохиолыг гаргах ёстой юм. Гэтэл манай зохиолчид  хүүхдийн зохиолын талаар ярихгүй байна” гэж хэлж байсан 68 жилийн өмнө Үнэн сонины шарласан хуудсанд хадгалагдан үлджээ” хэмээлээ.

Тэгвэл Л.Түдэвийн анхны нийтлэл  Монголын үнэн сонинд 1959 оны арваннэгдүгээр  сарын 24-ны өдрийн дугаарт Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийн орос хэл заах аргын  мэргэжилтэн Л.Түдэв гэсэн автортайгаар “Сургуулиудад орос хэл заах чанарыг сайжруулъя” гэсэн гарчигтай гарч байжээ. Энэ нь тухайн үедээ олны  анхаарлыг татаж багагүй шуугиан дэгдээсэн байна. Мөн үүний дараа  Багш  нарын мэргэжил дээшлүүлэх институтээс Л.Түдэв гуайг Монголын үнэн сонинд татан авчирсан түүхтэй. Ийнхүү тэрээр өдөр тутмын сонинд амьдралаа холбож,  сор бүтээлүүдээ туурвисан байдаг.

Түүнчлэн Л.Түдэв гуай “Монголын Үнэн” сонины эрхлэгчийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Цагаач хэмээх бүсгүйтэй танилцаж, 1961 онд гэр бүл болсон түүхтэй.

“Ардын ухаан, аман зохиолоос сэдвээ олж, зохиолын баатруудаа амилуулдаг”
Ч.Дагвадорж

Монголын орчин үеийн уран  зохиолыг нуруундаа үүрч явсан манлай эрдэмтэн, зохиолчийн нэг бол яах аргагүй Л.Түдэв гуай билээ. Энэ талаар соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ч.Дагвадорж “Л.Түдэв гуайн уран зохиолын авьяас нь Багшийн сургуулийн оюутан байхаас дараа нь Багшийн Институтийн орос хэлний ангид суралцаж байх үеэс нь эхэлсэн. Анхны бүтээл нь  “Сайн байна уу хүүхдүүддээ”  гэсэн бие даасан ном байсан. Хамгийн алдартай  бүтээлийнх нь нэг бол  1959 онд гаргасан “Уулын үер”  романы нэгдүгээр дэвтэр. 1960-аад оноос хойш “Нүүдэл суудал”, “Оройгүй сүм”, “Алтан гадас чигийг заана” зэрэг олон алдартай  романаа бичсэн байдаг. Энэ бүхэн монголын утга зохиолын ялангуяа романы төрөл зүйлд шинэчлэл авчирсан. Л.Түдэв гуайн зохиол бүтээлийн нэг онцлог нь ардын ухаан, аман зохиолоос санаа сэдвээ олж зохиолын баатруудаа амилуулдаг. Зохиол бүтээл нь үзэл сурталд автаагүй. Зохиолчийн ургуулан бодсон, уран сайхны дүрээр амилсан содон дүрүүд байдаг. Нөгөө талаас бодит амьдралын жишээ болсон дүрүүд бий.  Мөн Л.Түдэв гуай бол Монголын утга зохиолын олон төрөл зүйлд шинэчлэлийг авчирсан хүн юм.  Роман гэхэд 20 гаруйхан насандаа эхний алдартай роман болох “Уулын үер”-ээ бичсэн байдаг.. Мөн эсээ гэх уран зохиол сэтгүүл зүйн  төрөл зүйлийг  Монгол Улсад анх нутагшуулсан хүн бол Түдэв гуай. 1960-аад оны эхэнд Л.Түдэв гуайн бичсэн эсээ гэж уран зохиолд тусгайлан тэмдэглэдэг байсан. Одоогийн уран зохиолд  эсээ гэх төрөл зүйл жинтэй байр суурь эзэлж байна” гэлээ.

Л.Түдэв  гуай бол Монголын уран зохиолын сод төлөөлөгч төдийгүй дэлхийн олон улс оронд олон хэлээр бүтээл нь түгсэн агуу хүн юм. Он цаг улирах тусам Л.Түдэв гуайн  содон хурц сэтгэлгээ, авьяас, сор болсон бүтээлүүд нь илүү их үнэ цэн, үлгэр дуурайлал болж, үргэлжилсээр буй.

П.Амгаланбаяр


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *