Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн шинэ Засгийн газар анхны хуралдаанаараа төрийн үрэлгэн зардлыг багасгах, төр өөрөө бүсээ чангалах “Хэмнэлтийн тодотгол”-ыг хэлэлцэв. Сайд нар салбарын төсөвтэйгээ танилцаж, ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгоод энэ сарын 20-ны баасан гаригт Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, дахин хэлэлцэж шийдвэрлэнэ гэдгийг мэдэгдлээ. Энэхүү төслөөр нэн түрүүнд оновчтой бүтэцтэй, цомхон, чадварлаг төрийн албыг бий болгох аж. Ингэхдээ чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтыг сайжруулж, удирдах, гүйцэтгэх ажилтны зохистой харьцааг хангах өөрчлөлтийг оруулж, багш, эмчээс бусад төрийн албаны орон тоог есөн хувиар бууруулахаар тооцсон байна. Төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэж, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, арга хэмжээг хэмнэлтийн горимоор үргэлжлүүлэх аж. Харин хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бүрэн хэмнэхээр болжээ. Цомхон, чадварлаг, бүтээмжтэй, цахим төрийг бий болгох арга хэмжээний хүрээнд нийт 1.9 их наяд төгрөгийг хэмнэхээр тооцсон байна. Төрийн албаны орон тоог цомхон болгохтой зэрэгцүүлэн төрийн ажил үйлчилгээг цахимд шилжүүлэх юм байна. Бүтээмжийг дээшлүүлэх инноваци бүрийг салбар бүрийн онцлогт нийцүүлэн нэвтрүүлж, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанарыг дордуулахгүй байх зарчим баримтална гэв. Мөн төрийн байгууллагуудын тэргүүн дэд, дэд, орлогч дарга нарын тоог бууруулах өөрчлөлтийн төслийг боловсруулжээ.
Төрийн өндөр дээд түвшний зочин төлөөлөгч хүлээн авах, Төрийн өндөрлөгүүдийн гадаад айлчлалаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах, төрийн бүх шатны байгууллагын тавилга, эд хогшил, урсгал засварыг тэвчих, төрийн цэргийн байгууллагаас бусад байгууллагын тээвэр шатахуун, дотоод албан томилолтын зардал зэргийг хэмнэхээр тооцжээ.
Хоёрдугаарт, гэрээ байгуулагдаагүй төслүүдэд хуулиар заасны дагуу хэмнэлт хийх юм байна. Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу 2025 оны тавдугаар сарын 31-ний дотор худалдан авах ажиллагааг бүрэн дуусгаж, гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг хэмнэлтэд тооцох аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтэд холбогдох хуулиудын хүрээнд гэрээ байгуулсан төслүүдийн санхүүжилтийг хөндөхгүй байх, худалдан авах ажиллагааны үр дүнд бий болсон тендерийн хэмнэлтийг хэмнэх зарчмыг тус тус баримталж нийт 328.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хэмнэлтэд тооцжээ. Гуравдугаарт, төсвийн зардлыг нэмэгдүүлж буй салбарын хуулиудыг цэгцлэх аж. Төсвийн тодотголд нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөн тэтгэмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, бүх шатны боловсролын байгууллагын хоол, үдийн хоолны зардал, Засгийн газрын зээлийн үйлчилгээний төлбөр, түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийн зардал зэрэг хууль, тогтоомжийн дагуу зайлшгүй санхүүжүүлэх зардлыг бууруулаагүй байна.
Засгийн газрын энэ өдрийн хуралдаанаар эрчим хүчний салбарын нөхцөл байдал, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-д гарсан осол, гал түймрийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан байна. Танилцуулгатай холбогдуулан цаашид авах арга хэмжээний санал боловсруулж дахин хэлэлцэхээр шийдвэрлэжээ.
Мөн энэ өдрийн хуралдаанаар томилгооны асуудлыг шийдвэрлэжээ. ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллах болсонтой холбогдуулан тус газрын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийг томилсон байна. Тэрбээр ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газарт шинжээч, референт, газрын даргаар ажиллаж байсан юм.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
М.Мөнх