Онцгой байдлын алба музейгээ шинэчилж, өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Анх 2016 онд онцгой байдлын байгууллагын үүсэл, хөгжил, түүхийн арвин баялаг эд өлгө, баримт материалыг цуглуулах, судлан шинжлэх, хадгалан хамгаалж хойч залуу үедээ өвлүүлэх, олон нийтийн хүртээл болгох, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор албаны музей байгуулж байсан түүхтэй. Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, эх орноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулах Онцгой байдлын албаны музейн дахин шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаад талархлаа илэрхийлж, Онцгой байдлын байгууллагын 21 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэе” гэлээ.

Тус музейд Онцгой байдлын ерөнхий газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газрын түүхэн замнал, анхдагч, гавьяат үйлстнүүдтэй холбоотой баримт, цөмийн зэвсгээс хамгаалах хэрэгсэл, багажууд, сургалтын материал, ном, сурах бичиг, гал сөнөөгчдийн хэрэглэж байсан сүх, хувцас, улсын нөөцөд хадгалагддаг бараа материалын дээж зэрэг 2630 гаруй эд өлгийн зүйлс дэлгэсэн байна.

Музей нь Онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд эх орноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох, соён гэгээрүүлэх мэдлэг, мэдээллийг түгээх ач холбогдолтой юм.
