Улсын Их хурлын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.
————————————————————————–
-МАН-ынхаа Удирдах зөвлөлд шаардлага хүргүүлсэн 30 гишүүний нэг нь та. Ямар ч байсан шинэ Засгийн газар байгуулагдчихлаа. Таны хувьд бүтэц бүрэлдэхүүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Зарчмын гурван асуудлаар байр сууриа нэгтгээд намынхаа Удирдах зөвлөлдөө шаардлага хүргүүлсэн. Үүнийг санаатай, санаандгүйгээр хэвлэл, цахимд мушгиж анх удаа сонгогдсон хүүхдүүд шантааж хийж сайд болох гэж байна. Үндсэн хууль зөрчиж, Ерөнхий сайдын бүрэн эрхэд хандлаа гэх зэргээр хэлсэн. Гэвч бидэнд ийм зорилго байгаагүй. Тэр 30 хүнээс нэг нь ч сайд болоогүй. Бидэндтэй сонгогдсон 2-3 гишүүн ч нэгдсэн байсан. МАН бол маш сайн дотоод ардчилалтай нам. Дотоод ардчилал, ил тод байдал, Жендерийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаач ээ гэсэн. Гуравдугаарт, өмнөх засаг маань жил болохгүй уначихлаа. Тиймээс бид энэ засаг тогтвортой байгаасай гэж бодож байгаа. Тийм болохоор УИХ-ын гишүүдээсээ сайд нараа томилооч гэсэн шаардлагыг л өгсөн. Олон ургалч үзэлтэй, ажил хэрэгч гишүүн олонтой энэ парламентад энэ гурван шаардлагыг биелүүлж байж илүү тогтвортой байх нь байна шүү гэдэг зүйлийг л тавьсан. Үүний дагуу улс төрийн нам шийдвэр гаргаад явсан. Туршлагатай, ажлаа мэддэг сайд нар байх ёстой. Гадны томоохон гэрээ хэлэлцээр, төслүүд явж байхад дундаас нь өөр хүн ороод бужигнуулаад байх нь төрийн үйл ажиллагаа тогтвортой байхад сөрөг нөлөөтэй. Тиймээс Засгийн бүтэц дээр энэ зарчмаа ч барьсан байна. Гэвч ард иргэдэд хэн сайд байх нь хамаагүй.
Хамгийн гол нь үр дүн хэрэгтэй. Тийм ч болохоор үр дүнг гаргуулахын төлөө шахаж ажиллана гэсэн байр суурьтай байгаа. Мөн яамгүй сайд нараа цомхотгож оруулж ирсэн. Ер нь бүтэц дээр Ардчилсан намыг жаахан зарчимтай байгаасай гэж бодож байгаа.
-Тэр нь юу гэсэн үг вэ?
-Ардчилсан нам хамтарсан Засгийн газрын үед найман сайд авах болохоороо данхайсан, яамгүй сайдтай байхыг х үлээн зөвшөөрөөд асуудалгүй явж болдог. Харин өөрсдөө засгаас гарсныхаа дараа яамд, сайд нарынхаа тоог 50 хувь цөөл гэж шаардлага тавьж байгаа нь арай зарчимгүй үйлдэл. Анагаах ухаанд хоёр туйлт сэтгэцийн эмгэг гэж байдаг шүү дээ. Ийм байдлаар улс төр хийх гэж оролдож байгаа нь зарчимгүй үйлдэл.
-Та бүхний шаардлага хэрэгжсэн гэж үзэж байна уу. Ямар ч байсан жендерийн шаардлага бүр буураад ороод ирчихсэн байх шиг байна?
-Хоёр шаадлага нь хэрэгжсэн гэж үзэж байгаа. Бидний шаардлагад өмнөх засагт ажилласан хүмүүсийг битгий ажиллуул гэсэн шаардлага байхгүй. Ингэж шаардсан юм шиг мушгиад байгаа харагдсан. Салбараа манлайлж, ажлаа сайн хийж байгаа бол тэр хүн улираад ажиллахад ямар нэгэн асуудал байхгүй. Харин Жендерийн тухай хуулийн хэрэгжилт дээр бол Засгийн газрын бүтцэд 15 хувь байдаг. Харамсалтай нь энэ хувь дандаа биелээд байдаггүй. Өмнө нь бүр тэг хувьтай ч байсан тохиолдол бий. Ер нь цаашдаа Засгийн газрын бүтэц гэлтгүй агентлаг, тамгын газар, удирдах аижлтан гээд бүгдэд Жендерийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаасай гэсэн шаардлага байсан. Харамсалтай нь энэ удаад 15 хувийнхаа квотыг хангаж чадсангүй.
-Та бүхний 30 гишүүний нэг нь манай намын улс төрийн шийдвэрийг 2-3-хан хүн гаргадаг. Түүнийгээ бүлэг дээр танилцуулсан болоод бид чуулган дээр кноп дарах үүрэгтэй оролцоод байна. Бүлэг дээрээ сайн ярилцдаг баймаар байна гэж ярьж байсан л даа?
-Сайд нарын томилгооны хувьд Удирдах зөвлөл дээр авч хэлэлцдэг. Ингэхдээ бидний саналыг сонсоод тогтвортой байхын тулд аль аль талынхаа оролцоо, ил тод байдлыг хангах ёстой юм гээд бүтэц бүрэлдэхүүнээ тайлбарласан. Мөн бүлэг дээрээ орж ирээд Ерөнхий сайд ямар шалгуураар ийм шийдэлд хүрсэн бэ гэдгээ нээлттэй танилцуулсан. Энэ бол бидний хүсч байсан зүйл. Манай нам дотоод дүрэмдээ “Дотоод ардчилалтай, эв нэгдэл, эрх чөлөөг эрхэмлэсэн нам байна” гээд тунхаглачихсан байдаг. Энэ зарчмуудаа цаашид бүлэг дээр хэрэгжүүлээд явна байх гэж бодож байгаа.
-Танай намын бүлгийг 30, 38-аараа хагарчихав уу гэсэн яриа гарсан. Өнөөдөр (өчигдөр) чуулган дээр П.Сайнзориг гишүүний хэлсэн үг үүний илрэл мөн үү. Бүлэг дотор уур амьсгал ямар байгаа вэ?
-Үгүй үгүй, тийм юм байхгүй. П.Сайнзориг гишүүн бид хоёрын хувьд хамтдаа ажиллаж байсан хүмүүс. Чуулган дээр болсон зүйлийг ингэж харж ерөөсөө болохгүй. Албаар АН, Б.Пүрэвдорж гишүүн хагалан бутаргах гэсэн заль мэх. Бидний хувьд хуульчийн хувиар өөрсдийн барьж байгаа зарчим, үндэслэлээ мэтгэлцэж, тайлбарлаж ярьж байгаа л зүйл. Түүнээс өөр бодол, үзэлтэй байсан хэрнээ дуугай байх ёстой гэсэн зарчим бидний залуу үед байхгүй. Мөн МАН-ын бүлэг дээр ямар нэгэн хагарал байхгүй. Санаатай, санамсаргүй МАН-ын бүлгийг хагалах гэж оролддог, санаархдаг хүмүүс байх шиг байна. Тэр 30 гишүүний гарын үсэг зурсан нь ерөөсөө л эв санааны зарчмын шаардлага. Залуу үе орж ирж байна. Арга барилын хувьд өөрчлөгдөх хэрэгтэй болсон. Туршлагатай улстөрчид маань дээрээс нь доошоо шууд команд өгөөд явдаг бус залуучуудынхаа оролцоог хангадаг, ярилцдаг зарчим руу орох шаардлагатай болж байгаагийн л нэг хэлбэр.
-Таны хувьд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Энэ хуулийн төслийн ажил ямар шатандаа яваа вэ?
-Энэ хуулийн төсөлд санал авах ажил явж байгаа. Хуулийн төслөө боловсруулчихсан, цаашид хэлэлцүүлгүүдээ хийгээд явна. Тамхидалтыг бууруулах, хүүхэд, өсвөр насныхны утаат болон электрон тамхины хэрэглээг бууруулах хамгийн том хөшүүргийг бид татвар гэж үзэж байгаа. Онцгой албан татвар бол нийгмийн эрүүл мэндийг хамгаалах төрийн маш том бодлогын хэрэгсэл байдаг. Бид төслөө боловсруулаад, тооцоо судалгаагаа хйигээд байж байтал Евразийн худалдааны түр хэлэлцээр орж ирсэн. Энэ гэрээ эцэслэн батлагдаагүй байгаа л даа. Гэхдээ тус гэрээний нөхцөлд тамхин бүтээгдэхүүний гаалийн албан татвар 30 хувь байдгийг тэглэх гээд ороод ирсэн. Тийм болохоор шинээр Эдийн засаг хөгжлийн сайд болж, энэ хэлэлцээрийн асуудлыг толгойлж хийх Н.Учрал сайдад энэ талаар маш сайн захиж хэлсэн. Энэ асуудал цэгцэрч, эцсийн дүндээ гажуудалтай татварын тогтолцоо байхгүйн тулд тооцооллоо дахин өөрчлөх үү, үгүй юу гэдгээ шийдэх болчихоод байгаа юм. Энд нэг юмыг хэлэхэд энэ хуулийн чухал гэдгийг ард түмэн бол ойлгож байгаа. Харин мөнгөний эрх ашиг нь хөндөгдөж байгаа хэсэг бүлэг хүмүүс энэ хуулийг мушгиж, эсвэл ажлын хэсгийн ахлагч, гишүүдийг харлуулах байдлаар асуудалд хандаж байна. Утаат болон электрон тамхи маш их мөнгөний зах зээл. Маш их ашиг олдог юм билээ. Жилийн эргэлт нь 700 тэрбум төгрөгөөр яригддаг. Энэ ашиг сонирхлыг нь хөндөх гээд байгаа учраас л сошиалд элдэв зүйлийг явуулаад байгаа юм.
-Электрон тамхийг цахимд эрүүл мэндэд хоргүй гэсэн байдлаар их сурталчилж байгаа харагддаг. Та түрүүн хортой гэж хэллээ. Яг хортой гэсэн судалгаа байдаг уу?
-Байлгүй яах вэ. Хуулийн төсөл боловсруулах явцад маш олон судлаач, эмч нартай уулзсан. Тухайлбал, Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар хэлж байсан л даа. Баянгол дүүргийн сургуулиудаар яваад үзлэг хийдэг. Гэтэл ахлах ангийн эрэгтэй сурагчдын 80 хувийнх нь уушгины багтаамж багассан байсан. Дээрээс нь тэр хүүхдүүд электрон тамхийг хоргүй гэсэн ойлголттой байдаг. Ямар ч зохицуулалтгүй, хуульгүй явсаар байгаад ийм шударга бус сурталчилгаатай, ямар ч татвар төлдөггүй байсаар ирсэн байна. Тиймээс утаат тамхитай яг адилхан зохицуулъя гэж оруулсан. Электрон тамхи бол дэлхий дахинд сүүлийн 10 гаруй жил дэлгэрч байгаа зүйл. Одооноос л судалгаанууд нь гарч ирж байна. Гэхдээ эхнээсээ ямар хортой вэ гэдгийг хөгжилтэй орнууд судлаад гаргаад ирчихсэн байгаа.
-Евразийн хэлэлцээрт 30 хувийн татварыг хэвээр үлдээх боломж бий юу?
-Ийм шаардлагыг тавьж байгаа. Байнгын хорооноос санал, дүгнэлт явуулсан. Эдийн засгийн хөгжлийн яамнаас олон улсын энэ гэрээ хэлэлцээр дээр хэрхэн тусгахыг бид хүлээж байна. Үүн дээр Засгийн газар, хэлэлцээр хийж байгаа баг маань маш сайн ажиллах хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар иргэдийнхээ, ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийг хамгаалах ажлаа хийж чадаж байна уу, үгүй юу гэдгийг би энэ хэлэлцээрийн үр дүнгээр харъя гэж бодож байгаа.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Т.Дарханхөвсгөл