Сэлэнгэ аймгийн Мандал сумын Гахайтын голын эхэнд өчигдөр ой, хээрийн түймэр гарчээ. Уг түймрийн дуудлагыг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь 55 дугаар анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Баянгол сум дахь 40 дүгээр анги, Мандал сумын байгаль хамгаалагч, орон нутгийн мод бэлтгэлийн “Хандгайн нуур”, “Буянт царам” ХХК 6-р сарын 19-ний өдрийн 18:05 цагт хүлээн авчээ. Түймрийн баруун хойд, зүүн хойд хэсэгт хуурай хусан унанги, шар өвс ихтэй байгаа тул гал маш хурдан тархаж байгаа аж.
Төв аймгийн Эрдэнэ сумын Тэргийн голд түймэр гарсныг “Firms.modaps.eosdis.nasa.gov”, “icc.mn” саит хиймэл дагуулын зургаар илрүүлжээ. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газар энэ мэдээллийн дагуу 6-р сарын 19-ний өдрийн 19:10 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбатаар ахлуулсан албан хаагчид, Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн албан хаагчдыг тийш илгээжээ.