2023 оны 10-р сард Израил болон Палестины Хамас бүлэглэлийн хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш Газын зурваст 50,000 хүүхэд нас барж, шархадсан гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн ахлах албан тушаалтан мэдэгджээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэд захирал Китти ван дер Хейден пүрэв гарагт Японы нийслэл Токио хотноо, NHK телевизэд өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдсэн байна.
Тэрээр Газын зурваст хоол тэжээлийн дутагдал нэмэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээний систем сүйрлийн ирмэг дээр байгааг тэмдэглэсэн байна.
Ван дер Хейден хэлэхдээ, НҮБ-ын тэргүүлсэн тусламжийн хөтөлбөрийн ажилтнууд Израилын зүгээс Газын зурвасын хилийг бүрэн бүслэж, хаасны дараагаас буюу өнгөрсөн 3-р сараас хойш тусламж зайлшгүй шаардлагатай байгаа хүүхдүүдэд хүрч чадахгүй байгаагаа онцоллоо.
Тэрээр мөргөлдөөнд оролцогч бүх талуудад хандан хүчирхийллийг зогсоож, НҮБ-ын ажилтнуудад Газын зурваст тусламжийн хүргэлтийг сэргээхийг зөвшөөрч, “хүүхдүүд бага ч гэсэн итгэл найдвар өгөхийг” уриалжээ.
Ван дер Хейден мөн дэлхийн өнөөгийн нөхцөл байдлыг “хүүхдүүдэд хамгийн муу үе” хэмээн тодорхойлж, дэлхийн зургаан хүүхэд тутмын нэг нь “мөргөлдөөн дунд амьдарч, эсвэл мөргөлдөөнтэй бүсээс зугтаж байна” гэж хэлсэн байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн түүхэнд урьд өмнө ийм нөхцөл байдал, үзүүлэлт тохиолдож байгаагүй юм.
Израил-Ираны мөргөлдөөний талаар Китти Ван дер Хейден хэлэхдээ, хоёр талд ялгаагүй хүүхдүүд нас барж, шархадсан байгааг онцолж, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын ЕНБД А.Гутерришийн хамтаар сөргөлдөгч хоёр улсыг дээд зэргийн тэвчээртэй байхыг уриалж байна гэлээ.