4-р сард улсын хэмжээнд цахилгаан тасарсныг хэт хүчдэлээс үүдсэн гэв


Испанийн Засгийн газраас өнгөрсөн 4-р сард улсын хэмжээнд цахилгаан тасарсан явдлыг “хэт хүчдэл”-ээс шалтгаалсан хэмээн энэ долоо хоногт тайлбарлаад байна. Тухайн үед орон даяар цахилгаан тасарч, интернэт болон үүрэн холбооны сүлжээгүй болж, галт тэрэг, метроны үйлчилгээ зогсон, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйлчилгээ саатаж, үдэш нь таг харанхуй болсон билээ.

Испани болон Португал даяар цахилгаан тасарсан нь цахилгааны сүлжээг дамнасан гинжин урвал үүсгэсэн “хэт хүчдэл”-ээс үүдэлтэйг пүрэв гарагт Засгийн газраас гаргасан тайланд тодотгожээ. Хэт хүчдэл (overvoltage) гэдэг нь сүлжээнд хэт их цахилгаан хүчдэл байх, тоног төхөөрөмжийг хэт ачаалах явдал юм. Энэ нь хангамжийн хэт ачаалал эсвэл аянга цахилгаанаас болж цахилгаан сүлжээний хүчдэл өсөх, хамгаалалтын тоног төхөөрөмж хангалтгүй ажилласан эсвэл эвдэрсэн үед үүсдэг ажээ.

Цахилгаан сүлжээ хэт хүчдэлтэй тулгарах үед хамгаалалтын систем нь сүлжээний зарим хэсгийг хааж унтрааснаар цахилгаан эрчим хүчийг нийтээр таслахад хүргэдэг байна.

4-р сард орон даяар цахилгаан тасарсны дараагаар үүний шалтгааныг кибер халдлага, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэнээс үүдэн цахилгаан станцад гэмтэл гарсан гэх зэргээр олон таамаг дэвшүүлж байсан бол Испани улсын Экологийн шилжилтийн яамны тэргүүлсэн цахилгааны тасалдлын шалтгааныг олж тогтоох хорооны тайланд онцолсноор ийнхүү “хэт хүчдэл”-ээс үүдсэн нь тогтоогдсон байна. 

Цахилгаан эрчим хүчийг сэргээхэд хөрш зэргэлдээх Франц, Марокко улсын дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэснээс гадна Испани, Португалын цахилгаан эрчим хүчний солилцоо харьцангуй дутмаг байгааг илчилсэн юм. Европын Хөрөнгө Оруулалтын Банк даваа гарагт Франц, Испанийн хооронд цахилгаан эрчим хүчний солилцооны хүчин чадлыг бараг хоёр дахин нэмэгдүүлэхэд 1.6 тэрбум еврогийн санхүүжилт олгохоор болсноо зарласан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *