Дамаск хотын сүмд гарсан халдлагыг Исламын Улс бүлэглэл үйлдсэн гэдгээ хүлээжээ


Ням гарагт Сирийн нийслэл Дамаск хотын нэгэн сүмд амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 22 хүн амь үрэгдэж, 52 хүн шархадсан талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Мөн Сирийн Дотоод хэргийн яамны зүгээс дээрх халдлагыг Исламын Улс бүлэглэл үйлдсэн гэдгээ хүлээсэн талаар мэдэгдсэн байна.

Тус яамны мэдэгдэлд “Исламын Улс террорист бүлэглэлтэй холбоо бүхий амиа золиослогч этгээд Ариун Элиасын сүмд нэвтрэн орж гал нээснийхээ дараа тэсрэх бөмбөгтэй хантаазаа дэлбэлсэн” хэмээн дурьджээ.

Дамаск хотын захын Двэйла дүүрэгт гарсан дээрх халдлагыг шүтлэгтэн олон сүмд мөргөл үйлдэж байх үеэр хийсэн байна.

Шинэ төр засгийн удирдлаган дор улс орныхоо түүхийн шинэ үеийг эхлүүлээд буй Сири улсад олон жилийн дараа энэ төрлийн халдлага ийнхүү анх удаагаа гарлаа.

Сирийн ГХЯ-наас уг халдлагыг “үндэсний зэрэгцэн орших байдлыг алдагдуулж, улс орныг тогтворгүй болгох гэсэн цөхрөлтгүй оролдлого” хэмээн тодорхойлжээ.

Сирийн шинэ ерөнхийлөгч Ахмед аль-Шараа улс орон даяар эрх мэдлээ хэрэгжүүлэхийн төлөө тэмцэж байгаа энэ үед дайнд нэрвэгдсэн тус улсад хэт даврагч, террорист бүлэглэлүүдийн нууц гишүүд оршсоор байгаад эрх баригчдын зүгээс санаа зовж байгаа ажээ.

Ням гарагийн халдлагад мөн НҮБ, АНУ, Турк, Египет, Франц зэрэг улс орнууд, олон улсын байгууллагын зүгээс харамсч байгаагаа илэрхийлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *