Испани улсы ДНБ-ий 5%-ийг батлан хамгаалах салбартаа зарж төсөвлөх явдлаас чөлөөлөгдөх гэрээг НАТО-той байгуулсан талаар ням гарагт Испанийн ерөнхий сайд Педро Санчез мэдэгджээ.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп НАТО-гийн гишүүн орнуудыг батлан хамгаалах салбарын төсөв зардлаа нэмэгдүүлэхийг шахаж шаардаж, дарамт үзүүлсээр байгаа бөгөөд энэ долоо хоногт Нидерландын Гаага хотноо явагдах дээд хэмжээний чуулга уулзалтыг угтаж батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх амлалтад НАТО ням гарагт гарын үсэг зурсан боловч Испанийн ерөнхий сайд батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаагаа ийнхүү мэдэгдэв.
Дээрх амлалтын хүрээнд НАТО-гийн гишүүн орнууд ДНБ-ий 3.5%-ийг ойрын 10 жилийн хугацаанд жил бүр батлан хамгаалах салбартаа зарцуулж, дээр нь нэмээд ДНБ-ий 1.5%-ийг батлан хамгаалахын салбартай холбоо бүхий дэд бүтэц, кибер аюулгүй байдал зэрэг салбаруудад зарцуулахаар зөвшөөрөөд байгаа бол Испани улс энэхүү амлалтаас зайлсхийж, уг үүргээс чөлөөлөгдсөнөө мэдэгдлээ.
НАТО дахь ихэнх дипломатчид амлалтын гэрээг НАТО-гийн бүх 32 гишүүн орон хүлээн зөвшөөрсөн ба Мадридыг чөлөөлөгдөөгүй гэжээ.
Гэвч дээрх амлалтын гэрээг анхнаасаа эсэргүүцэж байсан Испанийн ерөнхий сайд П.Санчез НАТО-той заавал ч үгүй ДНБ-ийн 5%-тай тэнцэх төсвийг батлан хамгаалах салбартаа зарцуулалгүйгээр тус байгууллагын өмнө хүлээсэн бүхий л үүргээ хүлээж, чөлөөлөгдөх гэрээг НАТО-той байгуулсан хэмээн хэлсэн байна. Мөн тэрээр НАТО-гийн ЕНБД Марк Рютте-д илгээсэн албан захидалдаа “ДНБ-ий 5%-ийг батлан хамгаалах салбарт зарцуулах нь ямар ч шалтгаангүйгээс гадна мөн үр дүнгүй явдал юм” гэжээ.
Испани улс нь батлан хамгаалах салбартаа хамгийн бага хөрөнгө төсөвлөдөг НАТО-гийн гишүүн орны нэг юм. Тус улс батлан хамгаалахын төсвөө 2%-д хүргэх НАТО-гийн зорилтод зөвхөн энэ жил л хүрсэн бөгөөд ДНБ-ий 2.1%-ийг батлан хамгаалах, аюулгүй байдлын салбартаа зарцуулж байгаагаа мэдэгдэж, “бид үүнээс илүү төсвийг нэмэгдүүлэхгүй” гэжээ.
Харин Испанийн энэхүү мэдэгдэлд НАТО-гийн бусад гишүүн орнууд эсэргүүцлээ илэрхийлж, ганц улсын асуудлаас болж том амлалт, төлөвлөгөө нурах эрсдэлд ч хүргэж болзошгүй хэмээн анхааруулаад байна.
Хоёр өдөр үргэлжлэх НАТО-гийн гишүүн орнуудын дээд хэмжээний чуулга уулзалт Нидерландын Гаага хотноо мягмар гарагт эхлэх болно.