Улаанбаатарт амьдарч байгаа монголчууд урд насандаа ямар гээчийн муу үйл хийсэн болоод өнөө цагт туршилтын хулгана болж байгаа юм бол доо. Монгол хүн дээр хийсэн мидлингийн туршилт амжилтгүй болж, утаа өтгөрч, угаар ихэссэн. Эцэстээ шахмал түлшээ сольж үзэхээр шийдэн, мидлингээр хийсэн түлшнийхээ оронд хөх түлш туршиж үзсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний баяжуулсан нүүрс түлвэл агаарын бохирдол 9-12%-иар буурна гэсэн судалгааг судлаачид Засгийн газарт танилцуулж байлаа. Гэвч…
“Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний ордын “0” давхаргын нүүрсийг угааж, хагас кокстой хольж баяжуулан, шахмал түлш үйлдвэрлэж, одоо түлж буй шахмал түлштэй харьцуулан өнгөрсөн өвөл судалжээ. Аз дутахад “Эрдэнэс Тавантолгой”-н баяжмалаар хийсэн шахмал түлш ч стандартад нийцээгүй. Тоосонцор 33.7%, хүхрийн давхар исэл 63.7%-иар багассан бол илчлэг 22.9%-иар, чийглэг 14.1%-иар нэмэгдсэн байв. Энэ тухай Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх шуурхай штаб гэх дэндүү урт нэртэй хэсэг хүнд 2025.01.11-нд нийслэлийн засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан гэх их урт тодотголтой орлогч А.Амартүвшин танилцуулсан юм.
Монголчууд урд насандаа ямар гээчийн муу үйл хийсэн болоод өнөө цагт туршилтын хулгана болж байгаа юм бол доо
Тэгэхээр бид яах вэ? Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг баяжуулах технологио өөрчлөх, эсвэл өөр нүүрс туршиж үзэх шаардлагатай гэж үзжээ. Үүнд үндэслэн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо 2025-2026 оны өвөл гадаадаас түлш оруулж ирэхээр болжээ. Тиймээс энэ зун, намар, өвөл Улаанбаатарт шахмал түлш үйлдвэрлэхгүй.
Ирэх өвөл Улаанбаатарын гэр хорооллын айлуудад 340 мянган тн түлш хэрэгтэй. Үүний 40 мянга нь “Тавантолгой түлш”-д өнгөрсөн хавар мидлингээр үйлдвэрлэсэн түлш байх юм. Нэгэнт үйлдвэрлэчихсэн шахмал түлшээ айлуудад зарж, түлж дуусгана гэсэн үг. Үүний зэрэгцээ 300 мянган тн хагас коксон түлш буюу хөх түлш Хятадаас оруулж ирэн, ирэх өвөл монгол хүн дээр хятад түлш туршихаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо 2025.05.16-нд шийдвэрлэжээ. Монголын нийслэлд, 1.5 сая монгол хүн дээр хийх элдэв түлшний туршилт хятад түлшээр үргэлжлэх нь ээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр гүний усаар нүүрсээ угаадаг. Жилд 10 сая тонн түүхий нүүрс хүлээн авч, олон улсын стандартын шаардлагад нийцсэн коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс гэсэн 2 төрлийн баяжмал үйлдвэрлэж байна. Уг эрчим хүчний нүүрсийг “Тавантолгой түлш” компани өнгөрсөн хавар вагоноор авчирч шигшээд, шигшүүр дээр үлдсэнийг нь шууд савлан, 3 дугаар сарын 1-нээс гэр хорооллынхонд нийлүүлсэн. Шигшүүрээс унасныг нь барьцалдуулагчтой хольж, шахмал түлш болгосон. Энэ нүүрсийг шатаахад ялгарч буй хүхэрлэг хий хүлцэж болох хэмжээнээс 1.66 дахин их, нүүрхүчлийн дутуу исэл 1.45 дахин их гарчээ. Ингээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүний усаар угаасан нүүрсийг ч түлэх боломжгүй болов.
Засгийн газар хагас коксын үйлдвэр байгуулахаар 2025 оны эхээр шийдвэрлэсэн. Хагас кокс түлвэл агаарын бохирдол 25-28%-иар багасна гэж байсан ч “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс туршилтад тэнцсэнгүй. Одоогоор хөх түлш гэж нэрлээд буй хагас коксын үйлдвэр манайд байхгүй. Тиймээс хагас коксын үйлдвэр байгуулах зуураа өөр нүүрс олох шаардлагатай боллоо.
Монголын нийслэлд, 1.5 сая монгол хүн дээр хийх элдэв түлшний туршилт хятад түлшээр үргэлжлэх нь ээ
Нүүрсийг 800 хэм халуунд жигнэж, хүхэр, давирхай зэрэг химийн хүнд элементүүдийг нь салгаад, хагас кокс гэж нэрлэдэг. Ийм үйлдвэр байгуулахад 2 жил шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Тэр болтол Улаанбаатарын иргэд монгол мидлинг, угаасан нүүрс, хятад кокс гэх мэт янз бүрийн түлшний туршилтын хулгана болсоор байх нь. Туршилт дуустал амьд байх нь уу, үгүй юү. Стандартад тэнцсэн, утаа багатай түлшээ олоход нь улаанбаатарынхан зоомбий болчихсон байх вий дээ.