Оросын тал 360 гаруй дрон болон пуужингаар Киевт цохилт өгч, 5 хүн амь үрэгдлээ


Орон нутгийн цагаар ням гарагаас даваа гарагт шилжих Оросын тал 352 дрон, 16 пуужингаар Украины нийслэл Киев хотод цохилт өгсний улмаас наад зах нь 5 хүн амь үрэгдэж, 20 орчим хүн бэртэж гэмтсэн талаар Украины агаарын зэвсэгт хүчний зүгээс даваа гарагт мэдэгдлээ.

Үүний өмнө буюу ням гарагийн үүрээр мөн Оросын талаас Украин руу 47 дрон, 3 пуужин харвасан талаар Украины агаарын зэвсэгт хүчний зүгээс мэдэгдсэн байна. 

Украины зэвсэгт хүчний ерөнхий коммандлагч Александр Сырский Оросын эсрэг дайралтын цар хэмжээ, давтамжаа эрчимжүүлэн нэмэгдүүлэх тухай мэдэгдсэнээс нэг хоногийн дараа ийнхүү томоохон хэмжээний агаарын цохилтыг Киев хотод үзүүлээд байна. 

Ялангуяа Оросын эрчим хүч болон цэргийн дэд бүтэц, байгууламжуудад үзүүлэх цохилтоо нэмэгдүүлэх тухай Александр Сырский бямба гарагт мэдэгдсэн. Мөн тэрээр Украин улс ОХУ-ын Курск мужийн 90 км хавтгай дөрвөлжин талбай газар нутгийг эзлэсэн хэвээрээ байгаа талаар хэлсэн юм.  

Харин ОХУ-ын зүгээс өнгөрсөн 4-р сард Курск мужийг бүрэн хяналтандаа авсан гэж мэдэгдэж, тус мужид Украины цэргүүд байгаа гэдгийг үгүйсгэж байсан.

Өнөөгийн байдлаар ОХУ Украины нутаг дэвсгэрийн тавны нэг орчмыг эзэлчихээд байгаа бөгөөд 2014 онд эзлэн авсан Крымээс гадна 2022 онд түрэмгий дайныг эхлүүлснээс хойш Украины дөрвөн мужийг өөртөө нэгтгэсэн хэмээн мэдэгдээд байгаа билээ. Оросын арми Украины зүүн хойд Харьков мужийн Петривске тосгоныг эзлэн авснаа ням гарагт мэдэгджээ.

Гурван жил үргэлжилж буй дайныг зогсоох дипломат хүчин чармайлт гацаанд ороод байгаа бөгөөд хоёр тал хамгийн сүүлд Туркийн Истанбул хотод гурван долоо хоногийн өмнө шууд уулзалт хийсэн ч дараагийн хэлэлцээ хийхээр төлөвлөөгүй юм. Киевийн зүгээс Москваг довтолгоогоо лавшруулан сунгаж, илүү их газар нутгийг булаан эзлэхийн тулд энхийн яриа хэлэлцээг зориуд удаашруулж, гацааж байна хэмээн буруутгаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *