Катар дахь АНУ-ын цэргийн бааз руу Иран пуужин харважээ


Катар улсад байрлах АНУ-ын цэргийн бааз руу Иран улс өнгөрсөн даваа гарагт пуужин харвасан байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Ираны цөмийн гол гурван байршилд АНУ цохилт үзүүлсний хариуд ийнхүү Ираны тал Катар дахь Америкийн цэргийн бааз руу пуужин харважээ.

Катарын нийслэл Доха хотын ойролцоо орших Аль Удэйдийн агаарын цэргийн баазыг онилсон бөгөөд тухайн бааз нь Ойрхи Дорнодын бүс нутаг дахь АНУ-ын цэргийн хамгийн том бааз ажээ. Тус баазад АНУ-ын байлдааны 100 гаруй сөнөөгч онгоц болон 11 мянга орчим цэрэг байрладаг байна.

Ираны төрийн төв телевизийн мэдээлснээр Катар дахь АНУ-ын цэргийн баазад Ираны 6 пуужин туссан гэсэн бол Катар улсын агаарын довтолгооноос хамгаалах систем Ираны пуужингуудыг амдан устгасан, Ираны довтолгооны улмаас хүн үрэгдэж, бэртэж гэмтээгүй хэмээн тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Иран улс мөн Катарын эрх баригчдад пуужингийн цохилт өгөх гэж буй тухай мэдэгдэл урьдчилан хүргүүлсэн байна. АНУ-ын Батлан хамгаалах департамент мөн Иран улсыг Катар дахь Америкийн цэргийн бааз руу богино болон дунд зайн тусгалт олон тооны баллистик пуужингаар харвасан. Америкийн цэргүүд амь үрэгдэж, шархдах зэргээр хохирол амсаагүй болохыг мэдэгджээ.

Ажиглагчид Катар дахь Америкийн цэргийн бааз руу олон тооны пуужин харвасан Ираны явдлыг Америкийн эсрэг ямар нэгэн байдлаар хариу цохилт үзүүлсэн, бэлгэдлийн шинжтэй үйлдэл байлаа хэмээн тайлбарласан байна. Катарын талд Иран урьдчилан мэдэгдэж, олон хүн амтай суурьшлын бүсээс хол зайдуу байршилд цохилт үзүүлсэн нь үүнийг мөн давхар илтгэж байгаа ажээ.

Ираны үйлдэлд харамсаж, буруушаасан мэдэгдлийг Катар, Саудын Араб зэрэг улс хийсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны агаарын довтолгоог “Маш сул хариу цохилт байлаа” хэмээн тодорхойлж, “Хүний амь нас үрэгдэж, бэртэж гэмтэхээс сэргийлэн, цохилт хийх талаараа урьдчилан мэдэгдсэн явдалд би Иран улсад талархал илэрхийлэхийг хүсэж байна” хэмээн нийгмийн сүлжээний платформдоо нийтэлжээ.

“Ройтерс” агентлагийн даваа гарагт мэдээлснээр Катар улс дахь Америкийн цэргийн баазаас өөр байршилд Иран улс цохилт өгөөгүй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *