АНУ-ын хөлбөмбөгийн “Интер Майами”, Бразилын “Палмейрас” багууд клубүүдийн ДАШТ-ий плей-оффын шатанд шалгарснаар шөвгийн 16-гийн 8 баг тодорлоо.
Майами хотод болсон А хэсгийн шатны гуравдугаар тойргийн тоглолтод багууд 2:2 харьцаагаар тэнцсэн байна.
Тус хэсэгт тоглосон Португалын “Порту”, Египетийн “Аль-Ахли” багууд гуравдугаар тойрогт 4:4 харьцаагаар хоорондоо тэнцсэнээр тус бүр 2 оноотой болж, хэсгээсээ гарч чадсангүй.
Одоо шөвгийн 16-д “Интер Майами” баг Аваргуудын лигт түрүүлсэн Францын “”Пари Сен-Жермен” багтай 29-ний өдөр тоглоно. Америкийн багийн ахлагч, “Алтан бөмбөг” шагналыг 8 удаа хүртсэн Лионел Месси өмнө нь ПСЖ-д тоглож байсан билээ. Харин “Палмейрас” баг Либертадоресийн цомын эзэн, нутаг нэгт “Ботафого”-той тоглоно.
Одоогийн байдлаар “Интер Майами”, “Палмейрас”, ПСЖ, “Ботафого”, Германы “Бавариа”, Бразилын “Фламенго”, Английн “Манчестер Сити”, Италийн “Ювентус” гэсэн найман баг шөвгийн 16-д шалгараад байна. Хасагдах шатны тоглолтууд 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 1-нд явагдана.
АНУ-ын хотуудад болж буй клубүүдийн ДАШТ-д анх удаагаа 32 баг оролцож, 8 хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд хэсэг тус бүрээс хоёр баг шөвгийн 16-д шалгарч, тоглолтоо үргэлжлүүлнэ.