Хуш модны самар бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг Х компани Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024.02.29-ний өдрийн А/101 дугаартай “Хуш модны самрын идээний гарцыг тогтоох тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ. Уг хүсэлтийг хянан шийдвэрлэх явцад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд 2025.03.06-ны өдөр А/103 дугаар тушаал гаргаж, “Хуш модны самрын идээний гарцыг тогтоох тухай” тушаалыг хүчингүй болгосон аж. Ингэхдээ уг тушаалын 2 дахь заалтаар идээний гарцыг тогтоох асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч, холбогдох саналыг 2025 оны 2 дугаар улиралд багтаан танилцуулахыг Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газарт даалгажээ.
Х компани үүний дараа хуш модны самрын идээний гарцыг дахин тогтоохдоо судалгаа шинжилгээний үндэслэлтэйгээр бодит байдалд нийцүүлэн холбогдох хууль, журмын дагуу захиргааны акт гаргахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна.
Харин БОУАӨЯ хушны самрын идээний гарцыг тогтоохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй гэж татгалзаагүй, Х компани ч дахин шийдвэр гаргуулахаар тус яаманд хүсэлт гаргаагүй аж. Даалгах нэхэмжлэл нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй, эсхүл татгалзсан шийдвэр байгаа тохиолдолд хэрэгждэг. Энэ тохиолдолд Х компани захиргааны байгууллагад ямар нэг захиргааны акт гаргуулахаар хандаагүй. Тиймээс шүүх даалгаж шийдвэрлэх боломжгүй. Иймд Х компанийн нэхэмжлэлээ ихэсгэсэн шаардлагыг шүүх хүлээн аваагүй байна.