Юн Сук Ёлын эхнэрийн магистрын зэргийг хүчингүй болгов


БНСУ-ын Сүкмён эмэгтэйчүүдийн их сургууль (Sookmyung Women’s University) мягмар гарагт тус улсын ерөнхийлөгч асан Юн Сук Ёлын эхнэр Ким Гён Хи-гийн магистрын зэргийг хүчингүй болгох шийдвэрийг гаргаснаа зарлалаа.

Тус их сургуулийн тусгай хорооны зүгээс тэргүүн хатагтай асны магистрын зэрэг хамгаалсан эрдмийн ажлыг хулгайн болон бусад асуудлын улмаас магистрын зэргийг нь хүчингүй болгох шийдвэр гаргажээ.

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Гён Хи 1999 онд Сүкмён их сургуульд судалгааны ажил бичиж, магистрын зэрэг хамгаалж байсан байна.

Гэвч 2022 оны 12-р сарын дундуур Ким Гён Хи-г магистрын судалгааны ажлаа бусдын судалгааны ажлаас хуулбарлаж, хулгайлж хийсэн гэсэн гомдол хүлээж авсны дагуу Сүкмён их сургуулиас тусгай хороо байгуулан, гомдлын дагуу мөрдөн шалгах ажлыг эхлүүлж байжээ.

Тус их сургуулийн зүгээс Ким Гён Хи-гийн магистрын зэргийг хүчингүй болгох шийдвэрээ танилцуулахдаа “судалгааны ёс зүйг тогтоож, эрдэм шинжилгээний итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх” үүднээс дээрх шийдвэрийг гаргаснаа тодотгосон байна.

Сүкмён их сургуулиас шийдвэрээ танилцуулсны дараа Күкмин их сургуулийн зүгээс мөн Ким Гён Хи-гийн докторын зэргийг хүчингүй болгох үйл явцыг эхлүүлж байгаагаа зарласан байна.

Өмнөд Солонгос улсын дээд боловсролын хуулийн дагуу аливаа их сургуулийн докторын хөтөлбөрт хамрагдахын тулд магистрын зэрэгтэй байх ёстой бөгөөд магистрын зэргийг нь хүчингүй болгосон хүний докторын зэрэг мөн хүчингүй болно гэдгийг Күкмин их сургуулийн зүгээс тайлбарласан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *