4-р сард Кашмирт террорист халдлага үйлдсэн этгээдүүд Пакистаны иргэд байсныг тогтоожээ


Өнгөрсөн 4-р сард Энэтхэг, Пакистаны хооронд дайн эхлүүлэхээ шахсан үйл явдлын ард Пакистаны иргэд байсныг Энэтхэгийн мөрдөгчид олж тогтоосноо ням гарагт мэдэгдсэн байна.

Хоёр улсын хоорондох газар нутгийн маргаантай Кашмирын бүс дэх Энэтхэгийн талын Пахалгам хотод гарсан террорист халдлагын улмаас Энэтхэгийн 26 иргэн амиа алдсан юм.

Тэгвэл тухайн зэвсэгт халдлагыг үйлдсэн 3 этгээд нь бүгд Пакистан улсын иргэн байсан, НҮБ-ын хориглосон жагсаалтад багтдаг Пакистаны Лашкар-э-Тайба зэвсэгт бүлэглэлийн гишүүд байсныг Энэтхэгийн мөрдөгчид олж тогтоосон байна.

Энэтхэг улсын Үндэсний мөрдөн байцаах албаны зүгээс Пакистаны тэдгээр гурван иргэнийг гэртээ нуун хорогдуулж байсан Пахалгам хотын хоёр оршин суугчийг баривчилж, байцаалт мэдүүлэг авсны үндсэн дээр дээрх мэдэгдлийг хийжээ.

Пакистан улсын зүгээс Энэтхэгийн мөрдөгчдийн мэдэгдэлд ямарваа нэгэн хариу тайлбар хийгээгүй байна. Пакистан улс өмнө нь тухайн халдлагад ямар нэгэн оролцоогүй хэмээн няцаасан мэдэгдлийг хийж байсан.

Халдлагыг үйлдсэн гурван этгээд мөн баригдаагүй юм.

Дээрх халдлагын улмаас Энэтхэг Пакистанд агаарын цохилт үзүүлж, Пакистан ч хариуд нь дрон болон пуужингаар Энэтхэгийн нутаг дэвсгэрт хариу цохилт үзүүлсэн бөгөөд 5-р сарын 10-нд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп гал зогсоож байгааг зарлах хүртэл талуудын харилцан довтолгоо үргэлжилсэн билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *