Засгийн газар өнөөдрийн хурлаараа ямар асуудал шийдсэн тухай Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд танилцууллаа.
-2025 оны төсвийн тодотголоор хэлэлцүүлэг эхлээд 7 хонож байна. Өнөөдөр гурав дахь танилцуулгыг хийлээ. Төсөв ерөнхийлөн захирагч нараас санал авч, зохих сайжруулалт хийж ирлээ. Өнөөдөр хэлэлцүүлэг эцэслэсэн. УИХ-д төсвийн тодотголыг өргөн барих эрх зүйн орчин бүрдмэгц мэдүүлнэ. 2025 оны төсвийн хүрээнд тодотгол хийхээр 2025-2026 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт орно. Тийм учраас эдгээр өөрчлөлтийг цугт нь өргөн барина.
Би өмнө нь хэлж байсан. 2.3 их наядаар орлого дутах нь гэсэн. Эдгээр тоо өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Жилийн эцэст 3.3 их наядаар орлогын гүйцэтгэл дутах нь гэдэг тооцоон дээр ирж байна.
2025 оны 5 дугаар сарын дунд хүртэл нүүрсний үнэ унаж ирсэн. Гэхдээ харьцангуй тогтвортой байжээ. 5 дугаар сарын 14 хүртэл нүүрсний үнэ тонн тутамдаа 110 юаниар унасан бол 15-наас хойш 120-130 юаниар ганцхан сарын дотор уналаа. Тиймээс төсвийн орлогод хүчтэй нөлөө үзүүлэх нь.
5 дугаар сарын 31-ний байдлаар төсвийн гүйцэтгэл 259 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ жил аль болох төсөвтөө гар хүрэхгүй, зардлаа танаж явсан. 5 дугаар сарын эцэст хүртэл зардлаа 25 хувиар танаж ирсэн тул төсвийн алдагдал бага гарсан. Цаашдаа алдагдал бага байх юм бол жилийн эцэс рүү 3.3 их наядаар орлого дутахаар байна. Товчхондоо 3.3 их наядын алдагдлыг бууруулах, зардлаа танах үзэл баримтлалтай төсвийн тодотгол орж ирнэ гэж ойлгох хэрэгтэй.
Тодотгол хийх хүрээнд гурван зүйлийг бид буцааж зардал талд тавихаас аргагүй болж байна. 1-рт, “ДЦС 3”-т осол гарсан. Мөн дулааны үнэ нэмэхийг хойшлуулсан. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор эрчим хүчний салбарт өгөх татаас нэмэгдэж байна. Эрчим хүчний яамнаас 122 тэрбумыг буцааж тодотголд тавих санал ирснийг хоёр талаасаа ярилцаад 78 тэрбум болгосон.
2-рт, Засгийн газрын нөөц хөрөнгө дээр 50 тэрбум төгрөг нэмж тавихаар шийдвэрлэлээ. Орхи Дорнодод нөхцөл байдал амаргүй болж, Дэлхийн 3 дугаар дайн үүсэж мэдэхээр боллоо. Энэ нь газрын тосны бүтээгдэхүүнд эрсдэл үүсгэнэ. Манай улсад газрын тосны хомсдол үүсэж болзошгүй учраас нөөцөө зузаатгах шаардлага үүсэж байна. Ирэх өвөл хатуу болох эрсдэлтэй байна.
3-рт, бид НҮБ-ын өмнө хүлээсэн үүрэгтэй. Ирэх жил КОП 17-г зохион байгуулна. Үүнд зарцуулахаар БОУАӨЯ-ны төсөвт энэ жил 50 тэрбум төгрөг тусгасан байсан ч 5 дугаар сарын 31-ний дотор худалдан авах ажиллагааг хийж амжаагүй учраас буцааж тавих шаардлага үүсэж байна. Нийлээд 180 тэрбумыг буцаан тавих шаардлага гарч байна.
2025 оны батлагдсан төсвөөс 2.1 их наяд төгрөгөөр зардлаа хэмнэж байна. Цаашаа орлогын дутагдлыг гүйцээх, зардлаа бууруулах болбол бидэнд хүрч болохгүй урсгал зардал гэж бий. Хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой хөрөнгөнд бид аль болох хүрэхгүй. Зардлуудаа эрэмбэлж, тэвчиж болох зардлуудаа танъя. Айл өрхийн орлогод гар хүрэхгүй байх үүднээс ийнхүү алдагдалтай төсөв оруулахаас аргагүй болж байна.