АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нийгмийн сүлжээн дэх хуудсандаа “12 хоног үргэлжилсэн дайны албан ёсны төгсгөлийг Дэлхий нийтээрээ угтах болно” хэмээн нийтэлсэн байна. Израил, Иран улс гал зогсоох тохиролцоонд хүрч, дайн дуусаж байгаа талаарх Трампын даваа гарагт хийсэн мэдэгдлийн дараа зөрчилдөгч талууд харилцан цохилт үзүүлснээр хурцадмал нөхцөл байдал тодорхойгүй болж хувираад байсан бол лхагва гаргийн байдлаар Израил, Иран улс гал зогсоох тохиролцоог биелүүлж, одоогоор харилцан довтолсон, хохирол учруулсан ямар нэгэн томоохон цохилтын талаарх мэдээлэл гараагүй байсаар байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Израилыг Иранд үргэлжлүүлэн цохилт өгөхгүй байхыг анхааруулсан, нэлээд бухимдсан мэдэгдэл хийсний дараагаар талууд гал зогсоох тохиролцоог мөрдөж эхлэх шиг болов. Түүнчлэн “Нөгөө тал дагаж мөрдсөн тохиолдолд гал зогсоох тохиролцоог хүндэтгэх болно” гэсэн утгатай мэдэгдлийг аль аль нь хийсэн Израил, Иран улс богино хугацаанд үргэлжилсэн энэ дайнд хоёулаа ялалт байгуулснаа зарлажээ.
Ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгч Трампын засаг захиргааны зуучилсан гал зогсоох тохиролцоо хэр удаан, баттай үргэлжлэх вэ гэдэг дээр олон улсын анхаарал төвлөрөөд байна. Мягмар гарагт Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, АНУ-ын Батлан хамгаалах департаментын харьяа агентлагийн тагнуулын мэдээгээр Ираны цөмийн байгууламжуудад үзүүлсэн Америкийн агаарын цохилт нь байгууламжийн үндсэн хэсгийг бүрэн устгаж чадаагүй, уран баяжуулахад ашигладаг центрифуг нь бүтэн хэвээр байгаа, Ираны цөмийн хөтөлбөрийг ердөө хэдхэн сараар л хойшлуулсан төдий гэж үзсэн байна.
Үүний дараагаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп дээрх мэдээллийг “худал” хэмээн няцааж, “CNN болон уналтад ороод байгаа “Нью-Йорк таймс” сонин нэгдэж, худал мэдээлэл цацаж байна. Энэ бол түүхэнд хамгийн амжилттай цэргийн цохилтуудын нэгийг гутаах гэсэн оролдлого. Ираны цөмийн байгууламжууд бүрэн сүйрсэн” гэжээ.