АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп даваа гарагт Израил, Ираны хооронд гал зогсоох тохиролцоонд хүрснийг зарлаж, 24 цагийн хугацаанд 12 цагийн зайтайгаар хоёр тал галаа зогсоох тухай олон нийтэд мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээр талууд галаа зогсоолгүй харилцан пуужин харваж, агаараас довтолсоор байна. Үүндээ тэд харилцан нэгнийгээ буруутгасан юм.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Трампыг гал зогсоох тухай зарлан мэдэгдсэнээс хойш Израилын талын довтолгоо үргэлжилсээр байсан тул Израил руу Иран олон тооны пуужин харвасан байна. Үүний хариуд Израилын Батлан хамгаалахын сайд Тегеранд үргэлжлүүлэн цохилт үзүүлэхийг үүрэгджээ. Харин Ираны Зэвсэгт хүчний нэгдсэн штаб “Израилын эсрэг ямар ч пуужин харваагүй” хэмээн мэдэгджээ.
Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп НАТО-гийн чуулга уулзалтад оролцохоор замд гарахаасаа өмнө сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ түүний зуучилсан гал зогсоох тохиролцоог зөрчсөн Израил, Иран улсыг хамтад нь буруутгаж, “Тэд ямар новшоо хийж байгаагаа мэдэхгүй байна” хэмээн хараалын үг урсгасан байна.

Энэ нь Израилын үйлдэж буй олон хүчирхийлэлд “нүдэн балай, чихэн дүлий” байж ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Трампын хувьд Израилыг анх удаагаа буруутгаж, тус улсын үйлдлийг хурцаар шүүмжилсэн тохиолдол боллоо.
Тэрээр гал зогсоох тохиролцоог зарлаж, эхлүүлсэн даруйд цохилтоо үргэлжлүүлсэн Израил улсад, түүнд нь хариу үзүүлсэн Иран улсад ч давхар дургүйцэж байгаагаа илэрхийлж, “Миний урьд өмнө харж байгаагүй их хэмжээний пуужингаар довтолсон Израилын үйлдэлд үнэхээр дургүй хүрч байна” гэжээ. Мөн тэрээр өөрийн нийгмийн сүлжээний хуудсанд “Израил! Бөмбөгдөлтөө зогсоо. Хэрвээ бөмбөгдөлтөө үргэлжлүүлбэл тохиролцоог зөрчсөн үйлдэл болно шүү. Сөнөөгч онгоцуудаа нутаг буцаа, яг одоо!” хэмээн бичиж нийтэлсэн байна. Трамп мөн Израилын Ерөнхий сайд Б.Нэтаньяхутай утсаар холбогдож, цохилтоо зогсоохыг шаардсан бөгөөд эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэх тул Ираны дэглэмийг өөрчлөхийг хүсэхгүй байгаагаа тэрээр тодотгосон байна.
Израил, Ираны улс ийнхүү АНУ-ын зуучилсан гал зогсоох тохиролцоог зөрчиж, үүндээ харилцан нэгнээ буруутгаснаар Ойрхи Дорнодод үүсээд буй хурцадмал байдал намжих эсэх, энэ дайн дуусах үгүй нь тодорхойгүй болж хувирлаа. Мягмар гарагт Израилын Ерөнхий сайд дүрстэй мэдэгдэл хийж, “Ираны эсрэг дайнд түүхэн ялалт байгууллаа. Израил улс түүхэндээ Д.Трамп шиг агуу түнш найзтай байсангүй” хэмээжээ.
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан ч мөн мэдэгдэл хийж, Израилын эсрэг дайнд “түүхэн ялалт” байгуулснаа зарлажээ. Тэрээр бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахын төлөөх Ираны амлалт цаашид ч үргэлжлэх болно гэдгийг онцолсон байна.
Израил-Ираны дайн мягмар гаргийн байдлаар 12 дахь хоногтоо үргэлжилж байна. Энэ хугацаанд Иран улсад 610 хүн амь үрэгдэж, 4700 гаруй хүн шархдаж, бэртэж гэмтсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдсэн бол Израилд 28 хүн амь үрэгдэж, 3000 гаруй шархдаж, бэртэж гэмтсэн талаар Израилын хэвлэлүүд мэдээлж байна.
Израилын зэвсэгт хүчин мэдэгдэлдээ “Одоо анхаарлаа Газын зурвас дахь Хамас бүлэглэлийг устгах үйл ажиллагаанд буцааж хандуулах болно” гэж онцолжээ.