НАТО-гийн дээд хэмжээний чуулга уулзалт Гаага хотноо эхэллээ


НАТО буюу Умард Атлантын Гэрээний Байгууллагын гишүүн орнуудын удирдагчдын чуулга уулзалт мягмар гарагт Нидерландын Гаага хотноо нээгдлээ.

Хоёр өдрийн турш үргэлжлэн зохион байгуулагдах НАТО-гийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр олон асуудал, сэдвийг хэлэлцэхээр төлөвлөсөн ба гишүүн орнуудын батлан хамгаалах салбарын төсвийг нэмэгдүүлэх нь чуулга уулзалтын үндсэн сэдэв байх болно.

Чуулга уулзалтын эхний өдөр Нидерландын эзэн хаан Вилгельм Александр НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчдад зориулан хүлээн авалтын арга хэмжээг зохион байгуулсан байна.

Чуулганы үеэр мөн Украины асуудлыг хэлэлцэх бөгөөд Украины ерөнхийлөгч В.Зеленский хүрэлцэн ирж оролцож байна. Гэвч Ойрхи Дорнодод үүсээд буй хурцадмал байдлаас шалтгаалж Украины асуудал ард үлдэж, орхигдож болзошгүй байгаа ажээ.

Мөн Ойрхи Дорнодын бүс нутагт хурцадмал байдлыг авчраад буй Израил-Ираны дайны асуудлаар АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын хэлэх үг, байр суурийг ажиглагчид анхааралтай хүлээж байна.

Харин чуулга уулзалтын үеэр хэлэлцэх хамгийн гол асуудал НАТО-гийн 32 гишүүн орны батлан хамгаалах салбарын төсвийг тухайн улсын ДНБ-ий 5%-д хүргэж нэмэгдүүлэх бодлого байгаа бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Трампын зүгээс НАТО-гийн гишүүн орнуудыг төсөв санхүүгийн хувьд АНУ-аас хэт хамааралтай байгааг тодотгож, төсвөө нэмэгдүүлэхийг шаардсан юм.

Өнгөрсөн сард Туркийн Анталья хотноо зохиогдсон НАТО-гийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтаар батлан хамгаалахын төсвийг нэмэгдүүлэх асуудлыг урьдчилсан байдлаар хэлэлцэж, нэмэгдүүлэх нэгдсэн тохиролцоонд хүрсэн бөгөөд энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтаар гишүүн орнуудын батлан хамгаалахын төсвийг ДНБ-ий 5%-д хүргэх шинэ зорилт бүхий хэлэлцээрийг байгуулахаар зорьж байна.

НАТО-гийн ЕНБД Марк Рютте мөн гишүүн орнуудад хандаж батлан хамгаалахын төсвөө ДНБ-ий 5%-д хүргэх хоёр үе шаттай санаачлагыг гаргасан юм. Тэрээр 2032 он гэхэд батлан хамгаалахын төсвөө ДНБ-ийн 3.5%-д хүргэж, үргэлжлээд батлан хамгаалах салбартай холбогдох кибер аюулгүй байдал, зам, гүүр гэх зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг ДНБ-ий 1.5%-иар нэмэгдүүлэхийг уриалсан байна. Тэрээр 2035 он гэхэд 5%-ийн зорилгодоо хүрэхийг чуулга уулзалтын өмнө НАТО-гийн гишүүн орнуудад уриалсан бөгөөд хэрвээ өнөөдрөөс эхлэн төсвөө нэмэгдүүлж эхлэхгүй бол ойрын 5-7 жилийн дотор Орос бидэн рүү амжилттай довтлох боломжтой болох болно гэжээ.

Гэвч энэхүү зорилгод хүрэхэд батлан хамгаалах салбартаа хамгийн бага төсөв батладаг Испани, Канад зэрэг улсууд саад болж магадгүй байгаа юм. НАТО-гийн дүрмийн дагуу аливаа бодлого шийдвэр, дүрэм журмыг бүх гишүүн орнууд нэгдсэн байдлаар зөвшөөрч батласан тохиолдолд хэрэгжүүлдэг учиртай.

2022 онд Орос Украинд түрэмгийлэн халдан довтолж, дайн эхлүүлсний дараа НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалах салбарын төсвөө хамгийн багадаа ДНБ-ий 2%-д хүргэх тохиролцоонд хүрсэн ч өнгөрөгч 2024 оны байдлаар 22 гишүүн орон л дээрх зорилгод хүрсэн байна.

Гаага хотноо хоёр өдөр үргэлжлэх НАТО-гийн чуулга уулзалтын эхний өдөр албан бус зоог барих хүлээн авалтын арга хэмжээ зохиогдсон бол лхагва гарагийн өглөөнөөс эхлэн чуулга уулзалтын хуралдаан эхэлсэн бөгөөд маш богино хугацааны арга хэмжээ болж байгааг ажиглагчид хэлж байна.

1949 онд 12 гишүүнтэй байгуулагдаж байсан Умард Атлантын Гэрээний Байгууллагад өнгөрсөн жил Швед улс нэгдэн орсноор өнөөдөр тус цэргийн эвсэл нийт 32 гишүүнтэй болоод байна. НАТО-гийн хамтын аюулгүй байдлын баталгаа бол НАТО-гийн дүрмийн 5-р зүйл болох “эвслийн аль нэг гишүүн улсад гадны түрэмгийлэл, халдлага үүсвэл эвслээрээ батлан хамгаална” хэмээн заалт билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *