Шон “Дидди” Комбсын шүүх хурал мягмар гарагт завсарлав


Бэлгийн хүчирхийлэл, мөлжлөг, бэлгийн зорилготой хүний наймаа гэх зэрэг олон хэрэгт буруутгагдаад буй Америкийн реппер, продюсер Шон “Дидди” Комбсын шүүх хурал мягмар гарагт завсарлага авсан байна.

Нью Йорк хотын шүүхэд сүүлийн 6 долоо хоног гаруй хугацаанд үргэлжилсэн сонсголын үеэр прокуроруудын зүгээс шүүгчдэгчийг буруутгасан бүхий л хэргүүдийг гарган тавьж, гэрчүүдийн мэдүүлгийг сонсч, яллагч болон өмгөөлөгч талууд гэрчүүдээс асуулт асуух зарчмаар шүүх хурлын эхний шат үргэлжлэн явагдсан бөгөөд энэ үеэр шүүх хурлын эхэнд жирэмсэн ирж оролцож байсан түүний хуучин найз бүсгүй Кейси Вентура амаржсан билээ. Мөн өнгөрсөн хугацаанд 30 гаруй гэрчийн мэдүүлгийг шүүхэд сонссон байна. 

Тэгвэл мягмар гарагт Шон “Дидди” Комбсын өмгөөлөгчдийн баг ердөө 20-хон минут орчим хугацаанд түүнийг өмгөөлөх аргументуудаа хэлж дуусгасан бол прокуроруудын зүгээс ч мөн өөрсдийн яллах дүгнэлтээ хэлснээр шүүх хурал завсарласан байна.

Дидди-гийн өмгөөлөгчид түүнийг буруутгаад буй бүхий л хэргүүд дээр тодорхой баримт нотолгоо гаргаж чадаагүй явдалд прокуроруудыг буруутгаж, шүүгчдийг Дидди-гийн эсрэг үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгох хэрэгтэй хэмээн хэлжээ.

Шүүгдэгч Шон Комбс ч мөн өмгөөлөгчдийн багтайгаа зөвлөлдсөний үндсэн дээр энэ шүүх хуралд мэдүүлэг өгөхгүй байхаар шийдсэнээ мэдэгдсэн байна. Тэрээр шүүх хурал эхэлснээс хойш анх удаа үг хэлсэн нь түүний энэхүү мэдэгдэл байлаа. Мөн тэрээр шүүгч Арун Субраманианд хандан талархал илэрхийлж, түүнийг энэ шүүх хурлын үеэр маш сайн ажилласныг онцолсон байна.

Шон Комбс өөрийг нь буруутгасан бүхий л хэргүүдэд өөрийгөө буруугүй хэмээн анхнаасаа няцаасан мэдэгдлийг хийж байсан юм. Харин шүүхээс түүнийг буруутай гэсэн шийдвэрийг гаргасан тохиолдолд тэрээр бүх насаараа хоригдох ял авах болно.

Шүүх хурлын дараагийн сонсгол энэ долоо хоногийн сүүлээр буюу баасан гарагт явагдах төлөвтэй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *