БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён анхны илтгэлээ тавилаа


Энэ сарын эхээр явагдсан БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, тус улсын төрийн тэргүүнээр сонгогдсон И Жэ Мён албандаа орсноос хойших анхны бодлогын илтгэлээ пүрэв гарагт тавилаа. БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейд тавьсан анхны бодлогын илтгэлдээ тус улсын Засгийн газрын төсвийн тодотголыг онцолсон байна.

Тэрээр улс орны эдийн засаг, ард түмний амьжиргааг дээшлүүлж, сэргээх нь түүний засаг захиргааны хамгийн гол чухал үүрэгт ажил, даалгавар болохыг онцолж, энэ жил хоёр дахь удаагаа оруулахаар болоод байгаа 20.2 их наяд вон буюу 14.7 тэрбум ам.долларын хэмжээтэй, нэмэгдсэн төсвийн тодотголыг Үндэсний Ассамблейд танилцуулж, парламентаар батлуулах оролдлого хийлээ.

И Жэ Мён засгийн газрын төсвийн тодотголын төлөвлөгөөний талаар хэлэхдээ, “одоогийн байдлаар Өмнөд Солонгосын эдийн засаг хямралд орж, хөрөнгө оруулалт, хэрэглээ хумигдаж, АНУ-ын засгийн газрын тарифын бодлого зэрэг олон улсын нөхцөл байдалд өөрчлөлт орсон нь тодорхой бус байдлыг улам бүр нэмэгдүүлж байна, өнгөрсөн оны сүүлээр онц байдал зарласан нь сулхан байсан эдийн засагт илүү их хүнд цохилт болсон” гэжээ.

Нэмэгдсэн хэмжээтэй орж ирсэн төсвийн тодотголд иргэдийн орлогын хэмжээнээс шалтгаалан 150,000-520,000 воны хоорондох “хэрэглээний купон” гаргахад зориулж 10.3 их наяд вон зарцуулах, мөн 8 их наяд вонтой тэнцэх хэмжээний хямдрал урамшуулалтай бэлгийн карт гаргахад 600 тэрбум вон зарцуулах зэрэг нэмэлт төсөв, санхүүжилтийг багтаажээ.

Мөн тэрээр цаашдаа хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч зэрэг дэвшилтэт технологийн үйлдвэрүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, био технологи, үйлдвэрлэлийн инновацийг ахиулж, соёлын аж үйлдвэрийн хөгжлийг дэмжихээ мэдэгдэж, дипломат харилцааны хувьд, олон улсын худалдаа, нийлүүлэлтийн сүлжээ зэрэг олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтөд хариу өгөхийн тулд Өмнөд Солонгос улсын үндэсний ашиг сонирхолд тулгуурласан прагматик дипломат бодлогыг баримтлана, үүнд либерал-консерватив гэлтгүй бүх талтай хамтран ажиллах болно гэдгээ онцоллоо.

И Жэ Мён Солонгосын хойгийн энх тайван байдлын чухлыг онцлоод, эдийн засгийн өсөлт, хөгжлөөр энх тайвны эерэг орчинг үргэлжлүүлэн бий болгох ёстой гэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *